Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Хятад улсад олон жил аялал хийж, танил тал ихтэй болсон болохоор залуус маань надад хандаж дараах асуудлыг их тавьдаг.

“Би нэг шинэ бизнес эрхлэх гэсэн юм. Гэтэл хөрөнгө мөнгө дутагдаад байна. Банкнаас зээл авъя гэхээр барьцаа хөрөнгөгүй болохоор зээл олдохгүй байна. Хөрөнгө оруулагч олж өгөөч!” гэдэг. 

Энэ асуудалд би маш эмзэг ханддаг. Юм хийж бүтээе гэсэн сэтгэлийг нь бодоод тусламаар байвч огт тусладаггүй. Яагаад?

1. Банкны зээлийн хүү хэдий өндөр ч гэлээ сар бүр зээлсэн мөнгөнийхөө өчүүхэн хэсгийг хүү болгож авдаг. 

Харин хөрөнгө оруулагчид сар бүр олсон ашгийг нь хувааж авахыг эрмэлздэг. Ингэж бодохоор хэн нь илүү өндөр хүү авч байгааг анзаарч байгаа биз дээ.

2. Банк зээл өгсөн ч чиний бизнесийн дотоод хэрэгт оролцдоггүй. Харин хөрөнгө оруулагчид “Оруулсан хөрөнгө оруулалтандаа хяналт тавьж байна” гэсэн нэрийн доор дотоод хэрэгт чинь байнга оролцоно. 

Энэ бол чиний бизнесийн эрх чөлөөг булааж байна гэсэн үг. Эрх чөлөөгүй болсон хүн “Мөнгөний боол” болсонтой ялгаагүй.

3. Банк чиний бизнесийн нууцыг хадгалах зарчим баримталж ажилладаг бол хөрөнгө оруулагчид бизнесийн нууцыг хадгалана гэдэгт итгэхэд бэрх. Хөрөнгө оруулагч маань хэн бэ гэдгээс шалтгаалаад нэг л өдөр чамайг хөмөрч магадгүй. Мөнгө хүнийг “Шулам” болгодог.

4. Өөрийн бизнесийн санаагаа өөрөө хэрэгжүүлээд ашгийг нь хүртээд явах шиг сайхан зүйл гэж үгүй. Ямар ч бизнест гаргалгаа гэж байдаг. Түүнийг бодож олох хэрэгтэй. Болохгүй бол би хамтраад бодолцож болно.

5. Хөрөнгө оруулагчид жижиг бизнест хөрөнгө оруулах дургүй байдаг. Чиний сэтгэсэн бизнес хамгийн багадаа “Тэрбум доллорын эргэлттэй, өндөр ашигтай бол” тэд хөрөнгө оруулна. Тэгээд ч мэрэгжлийн маш өндөр түвшинд ТЭЗҮ хийсэн байх шаардлага тавьдаг. Ядаж байхад Монгол хэл дээр хийсэн төслийг хүлээж авах дургүй. Учир нь тэд уншъя гэвч ойлгохгүй шүү дээ. Бас дээр нь Засгийн газар болон банкны баталгаа нэхнэ.

6. Хөрөнгө оруулагчдыг “Мөнгөний бурхад” мэт ойлгож байгаа бол ташаа бодож байна. Тэд бол хэзээ ч үл цадах “Мөнгөний Мангасууд”!

7. Мөнгөний мангасуудад “Жижиг дунд үйлдвэр байгуулъя” гэвэл хөх инээд нь хүрээд: 

- “Нусгай бацаан минь! Банк гэдэг сайхан ээж дээрээ очоод мөөмөө хөх дөө” гээд өрөөнөөсөө хөөгөөд гаргах байх. 300 сая төгрөг доторхи бизнесээс олох ашиг бол тэдний боддог зүйл биш.

8. Мөнгөний Мангасуудын хүчинд далдайж амьдарснаас өөрийнхөө хүчинд итгээд, гэдийж амьдар. Энэ л чамайг “Эрх чөлөөт хүн” гэдгийг тань батална. Ийм учраас бизнесийн гараагаа эхлэх гэж учираа олохгүй байгаа сайхан дүү нараа “Мөнгөний Мангас”-аманд чихэх гэж үү? 

Дараа нь бас “Мангасын амнаас гаргаад өгөөч“ гээд намайг гуйна. Дампуурчихсан хойно нь нус нулимс болсноос, өнөөдөр уйлуулчихаад аргадая л даа. Уйлуулсан юм чинь уучлал гуйж, бизнес санаагаа хэлээд, шинээр эхлэх ажилд нь урам хайрлаад явж байсан минь дээр.

Би энхрий бяцхан хүүгээ Мангасын аманд хийдэг “Долоон түмэн адуутай Доной баян” биш...

"Мөнгө босгох мянган санаа" номын маань нийтлэл.