Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Аз жаргалын эрэлд мордсон минь

Би 2005-оны 1 сард хоёр нялх хүүхэдтэй эхнэрээ дагуулаад, Хятад улсад амьдрахаар зориг гарган очсон билээ. Амьдралын алдаа онооны дээсэн дээр хальтарч унасан Монгол эр яагаад Хятад улсыг зорих болов? “Монголд бизнес хийх таатай орчин байхгүй байна” хэмээн үзээд боломжын бизнесийн эрэлд гарсан маань энэ. Налайх дүүргийн англи хэл компьютерийн “Гүнбилэгт” сургалтын төвийн эзэн гэгдэж явсан миний бие гаднаас нь харахад баян хүн шиг л төрхтэй байсан байх. Гэвч энэ хиймэл багийг хэдий болтол өмсөж, өөрийгөө хуурах вэ дээ гэж боддог байлаа.

Хятадад очоод гурван жил амьдрахдаа янз бүрийн ажил хийж явлаа. Ихэвчлэн оюуныхаа хүчийг ашиглаж байсан. Тухайлбал:

  1. Шилийн гол аймгийн Баруун сөнөд хошуунд “Улаан мөчир” чуулгын хөгжмийн удирдаач,
  2. Эрээн хотод дуу бичлэгийн студийн эзэн
  3. Эрээн хотын зар мэдээний “Шуурхай мэдээ” сонины үүсгэн байгуулагч эрхлэгч,
  4. Easy худалдааны компаний гүйцэтгэх захирал
  5. “Монголын компаниудын Эрээн хот дахь худалдааны төлөөлөгчийн газар”-ын дэд захирал
  6. Хятад - Монгол хэлний Сэлэнгэ хувийн сургуулийн захирал
  7. Барилгын материалын Сэлэнгэ дэлгүүрийн эзэн гээд л олон ажил эхлүүлсэн боловч санаанд минь хүрээгүй.

Амьдрал бахь байдгаараа. Бээжин, Хөх хот, Шенжень хотуудаар бизнес хийх гэж их ч оролдсон. Хятадын олон компаниуд надад ажлын санал тавьж байсан ч Хятад хүний албат болох сонирхол огтхон ч байсангүй. Монгол эрийн бардам зангаа хэзээ ч хаяхгүй бололтой.

Үнэндээ Англи, Орос, Хятад хэлний чадавхи, компьютерийн өргөн мэдлэг, хөгжмийн боловсрол маань намайг чимж байсан байсан болохоор дотор хүний “боол” болохыг хүсээгүй юм.

Эцсийн эцэст хүний нутагт олон жил амьдраад ирэхээр яах ч аргагүй эх орондоо үнэ нэмэх сэтгэгдэл төрдөг юм билээ.

21-р зууны хөгжлийн оргил болсон Хятад оронд амьдарч байгаагийн хувьд Хятад бизнесменүүдээс сурах юм их байсан. Иймээс ч 2008 онд Mychina.biz сайтаа байгуулаад, улмаар terbumtan.com гэж давхар нэртэй болгон өргөжүүлсэн билээ.

Хятад оронд үзэж харсан бүхнээ тэмдэглэж, Монголчууддаа хүргэх жижиг дунд үйлдвэрийн бодит мэдээллийн санг байгуулах гэж чамгүй их бизнес аялал хийлээ.

Тосгоноос тосгон, дахиад нэг тосгон, бас дараа нь нэг том хот, эргээд л бас тосгон гэж аялсаар 3 сард гэрээс гарсан хүн 11 сар хүртэл “Суусан цэцэн биш, Явсан тэнэг” мэт бадарчилж явлаа.

Бодит үнийн санал хаана байна?

Бизнес аялал хийхдээ аль болохоор өөрөөсөө бага мөнгө зарцуулахыг хүсдэг байлаа. Үүний тулд Хятадын үйлдвэрийн эзэдтэй байнга урьдчилан харилцаж байгаад зочин маягаар хүндлүүлэн угтуулахыг хичээдэг байв. Өдөрт олон үйлдвэрээр зочилох явдал гэж байхгүй. Ганцхан үйлдвэрээр л орж амжина.

Анх би Хятад хэл мэдэхгүй байхдаа нэг Өвөр Монгол залууг дагуулж явдаг байлаа. Түүний хоол, замын зардлыг төлөөд, дээр нь цалин өгнө. Гэвч би БОДИТ ҮНИЙН САНАЛ-ыг олж чаддаггүй байлаа.

Худалдаа эрхэлж байгаа хүн бүр намайг гадаадын хүн гэдгийг мэдээд өндөр үнийн санал өгөх нь мэдээж. Дээр нь орчуулагч Өвөр Монгол залууд маань өгөх Шан харамжаа нууцаар надаас гаргуулчихдаг байсан юм.

Ийм болохоор би ганцаараа аялдаг болсон. Анхандаа хэцүү байсан ч сүүлдээ ганцаараа аялах нь илүү дээр юм шиг санагдсан.

Ямар ч байсан хятад худалдаачинтай харилцах аргыг тухай тухайн үед нь олчихоод байдаг байлаа.

Ганцаарчилсан аялал маань Хятадын үйлдвэрлэгч нарын бодит үнийн саналыг олох хэд хэдэн шалгарсан аргатай болгосон юм.

1-р арга

Үйлдвэр дээр зочилсон анхны өдрөө огт Хятад хэл мэдэхгүй хүн шиг тувт Англи хэлээр ярьдаг. Үйлдвэрийнхэн миний дэргэд хамаа намбаагүй бурж байхыг нь сонсохоор таатай байдаг байлаа. Маргааш нь Хятадаар яриад эхлэхээр тэдний асуудал шал өөрөөр эргэдэг байсан. Энэ аргаа би “Нууц тайлагч” гэж нэрлэдэг.

2-р арга

Хятадын үйлдвэрүүдийн бодит үнийн саналыг авахад Хятадын дотоодын үзэсгэлэн худалдаанууд их тус болдог байлаа. Ямар ч байсан олон улсын үзэсгэлэн худалдаан дээрхи үнийн саналаас хамаагүй хямд байдаг. Хятад үйлдвэрлэгч нар дотоодын худалдан авагч нартаа жинхэнэ бодит үнийн саналаа өгдөг. Тэдний дэргэд юм үзэж байгаа юм шиг зогсож байгаад л үнийн саналыг нь сонсоод авна. Энэ аргаа би “Хөндлөнгийн сонсогч” гэж нэрлэдэг

3-р арга

Үйлдвэр рүү өөрийн сайн найзуудаараа утсаар яриулж үнийн саналыг нь авдаг. Манай сайттай хамтран ажиллаж байгаа компаниудын ажилтанууд надад их тус болдог байсан. Энэ аргаа би “Гар утас” гэж нэрлэдэг.

4-р арга

Манай сайттай хамтран ажилладаг компаниудын захиралууд надад зоог барих үедээ бизнес эрхлэгч найзуудаа урьдаг. Тэдэнтэй би танилцаж, илэн далангүй найз нөхдийн харилцаа үүсгэнэ. Нэгэнт сайн найз болсон болохоор үйлдвэрийнхээ бодит үнийн саналыг сэтгэл харамгүй танилцуулдаг. Энэ аргаа би “Сайн найз” гэж нэрлэдэг.

Өөр хэд хэдэн арга хэрэглэж байсан. Гэвч одоо санаанд буухгүй юм.

Ер нь Хятад худалдаачидтай хамтран ажиллахад хэцүү ч гэсэн нэг итгэлийг нь олчихвол сайхаан.

Хэрэв дүү нар минь Хятад түнштэй болж байгаа бол миний аргуудаас хэрэглээд үзээрэй.

Үл ойлгогдох Хятад ухааныг нээсэн минь

Хятадын өндөр хөгжилтэй мужуудын хот тосгоноор найман жил бизнес аялал хийж явахдаа нэг зүйлийг хараад их гайхдаг байлаа. Нэг тосгон гэхэд л бүгд адилхан бизнес хийнэ. Тухайлбал:

Шанхай хотын ойролцоо нэг тосгоны айлууд бүгдээрээ хуучин хувцас сэмлэдэг машин гаднаа тавьчихсан байх юм.

Тэд бүгд л хуучин хувцасыг өнгө өнгөөр нь, материалаар ангилан ялгалт хийгээд дараа тус тусад нь сэмлэж ээрмэлийн үйлдвэрийн түүхий эд бэлтгэцгээдэг.

Бие биедээ "Шавар" болсон энэ олон өрх ашиг орлоготой байдаг л юм байх даа. Манайхан шиг хүний хийсэн бизнесийг дуурайх өвчин Хятадад бас л байдаг юм байна даа гэж бодож байлаа. Гэтэл асуудал шал өөр байсан юм. Учир нь:

Түүхий эдийг нь зэргэлдээ хотынх нь ээрмэлийн үйлдвэрүүд бөөн бөөнөөр нь дор нь худалдаад авчихна.

Ер нь түүхий эдийн үйлдвэрлэл гэдэг их ашигтай бизнес мэт санагдаад явчихсан.

Тэд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулалт, сав баглаа боодол, реклам сурталчилгаа, маркетинг гээд зовоод байх зүйлгүйгээр хэдхэн нийлүүлэгч компанийхаа захиалгыг гүйцээх гээд цаг нартай уралдан ажиллана.

Хэн сайн хөдөлмөрлөж чадна. Тэр хүн "Их мөнгө босгодог" хууль Хятадад бүрэн утгаараа үйлчилж байна.

Эндээс би ямар дүгнэлт хийсэн бэ? гэхээр

Манайд хөдөөгийн аймаг сумын төв, хотын гэр хорооллуудад айл хөршүүд нийлж, нэг төрлийн үйлдвэрлэл явуулж болно. Тухайлбал:

Нэхий элдэх үйлдвэрлэлийн талаар би өөрийнхөө сайт дээр их дэлгэрэнгүй мэдээлэл оруулсан. Нэхий элдэх үйлдвэр байгуулсан хүн өөрийн үйлдвэрийнхээ ойролцоо амьдардаг.

100-аад айлыг элдсэн нэхийгээр хангах боломжтой.

Тэдгээр айл бүр нэхийний оёюур машинтай бол хажуухнаасаа бэлэн боловсруулсан нэхийгээ аваад нэхий дотортой дээл, нэхий улавч, нэхий шалавч, суудлын бүрээс, гэрийн дээвэр туурга, мотоциклийн нэхий бээлий гээд олон зүйлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

Манай арьс ширний мэрэгжлийн хүмүүс "Нэхийг элдэхэд ашгийн 15 хувь, эцсийн бүтээгдэхүүн хийхэд ашигийн 85 хувь ноогддог" гэж тайлбарлаж байсныг интернетээс олж уншиж байсан юм байна.

Гэтэл нэхий элдэгч машин авсан хүн маань элдсэн нэхийгээ яаж Хятад руу гаргах вэ? гэж надаас асуудаг.

Нэхий элдэх хамгийн хүнд ажлыг нь хийчихээд хайран мөнгөө Хятадуудад үнэгүй худалдах гээд байгаа нь харамсмаар.

Ер нь энэ талын жишээг би олныг дурьдаж чадна.

Нэг нь түүхий эд үйлдвэрлэж байхад нөгөө нь эцсийн бүтээгдэхүүн хийнэ. Эцсийн бүтээгдэхүүнийг борлуулагч (ченжүүд) гэж бас нэг хэсэг хүмүүс бий. Ийм л сүлжээ манайд дутагдаад байгаа юм.

Манайд Хятадын муу барааг зөөдөг борлуулагч (Ганзагын наймаачид) нар их байдаг.

Хятадын муу барааг төвөггүй зарчихдаг тэдгээр хүмүүс Үндэсний үйлдвэрийнхээ сайн сайн бүтээгдэхүүнийг борлуулчих чадалтай хүмүүс шүү.

Манай сумын дарга нар ч гэсэн үүнийг санаандаа авчих хэрэгтэй. Сумандаа нэг нэхий боловсруулах үйлдвэртэй болчих юм бол 100 гаруй ажилгүй өрх нэхий эдлэлийн өрхийн үйлдвэрлэл эрхлээд байх боломжтой болно. Сумынхаа жижиг зах зээл рүү бус, их зах зээл рүү өнгийх нэг том боломж энд нуугдаж байна.

Нэхий элдэх иж бүрэн үйлдвэр гэхэд 44500 юань л болж байгаа шүү дээ.

Энэ талаар зөвлөгөө хэрэгтэй бол дараах холбоосоор орж танилцаарай.

Өөрийгөө нээж, их үйлсийн гарааг эхэлсэн минь

Хятад улсад бизнес аялал хийх болсон шалтгаан маань хоёр үндсэн эх үүсвэртэй.

Нэгд, Би өөрийнхөө аж амьдралыг дээшлүүлж, баталгаатай орлоготой болох,

Хоёрт, Хийсэн бүтээлтэй, хэлэх үгтэй амьдрах.

Би энэ хүсэл мөрөөдлөө өөрийн хүчээр олж авсан. Олон жилийн тэвчээртэй хөдөлмөр, хүлээлт, судалгааны ажил маань миний бизнесийн амжилт байлаа.

Хятад газар оюуны хөдөлмөр хийдэг хүнд ажил олно гэдэг хэцүү гэдэг нь ойлгомжтой. Битүүхэндээ "Даргын суудал" л хайна гэсэн үг шүү дээ. Гэтэл хэн намайг ДАРГА болгох билээ дээ.

Өөрөө өөрийгөө ДАРГА болгох л хамгийн зөв шийдвэр байсан юм. "Ажил хайж гүйхээр, шинэ бизнес санаа хайж олъё" гэж тэнэж явсаар байтал нэг мэдэхэд 4 жилийг ардаа орхисон байлаа.

2008 оны 8 сарын 16 өдөр миний амьдралын хамгийн МАРТАГДАШГҮЙ өдөр. Хятад улсад нилээн хүчтэй ажиллаж байгаад дампуурсан нэгэн сайтыг худалдаж авах завшаан надад тохиосон юм.

Тэр бол www.mychina.biz сайт маань шүү дээ.

Өргөн утга агуулга бүхий нэртэй хүчирхэг сайт Хятад, Англи, Япон хэл дээр 1998 оноос үйл ажиллагаагаа эхлүүлээд, 2004 онд дамдуурлаа зарлачихсан байсан юм. Сайтын хуучин эзэн,

- Тухайн үед шинээр нэрд гарч байсан www.alibaba.com сайт энэ сайтаас санааг нь авч хуулбарлаад амжилтанд хүрсэн юм гэж надад хүүрнэж байлаа.

Сайтын хуучин эзэн Шу Гуан И хэмээх залуу эр Хятад улсын бараа бүтээгдэхүүнийг хилийн чанадад сурталчлан танилцуулдаг анхны санаагаа 1998 онд хэрэгжүүлж эхэлсэн боловч үл таних Хакерийн довтолгоонд өртөж, www.mychina.biz сайт нь Хятад хэл дээр мэдээлэл цацах боломжгүй болоод дампуурчихаад байсан цаг үе.

Миний хувьд Хятад хэл дээр бус, Монгол хэл дээр мэдээлэл цацах сонирхолтой байсан тул сайтыг худалдаж авахад ямар нэгэн айдас төрөөгүй юм. Харин

Хятад хүмүүс энэ сайтыг худалдаж авах арга байхгүй байлаа. Сайтыг ямар үнээр худалдаж авсанаа энд би нууцлая.
Нэг өдрийн дотор олон арван мянган Хятад олон үйлдвэрлэгчидийн танил болсон Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. гэдэг Е майл хаягын эзэн болж чадсанаар миний Хятад улс дахь бизнесийн нэр хүнд асар ихээр өссөн гэж хэлэхэд болно.

Гадаадад бараа бүтээгдэхүүнээ экспортлох сонирхолтой олон арван бизнесменүүдээс надад захиа ирдэг болж, 2008 оны 8 сараас эхлээд миний амьдралд эргэлт гарлаа.

Би үйлдвэрүүдийн эздэд хариу майл бичиж, үйлдвэр дээр нь хүндэт зочин болж очих алтан боломжууд нээгдэв.
Энэ сайтын ачаар бизнес түншлэлийн хүрээ маань тэлж, эдүгээ Хятадын 700 гаруй үйлдвэрийн эздийн дотно нөхөр, хүндэт ах болж чадсан.

business

Бизнес цэцэглэхийн хирээр мөнгөнд шунах сонирхол сарнин арилж, СЕЙФНИЙ ТЭРБУМТАН БУС, СЭТГЭЛИЙН ТЭРБУМТАН болох сонирхол төрдөг болсон.
www.alibabа.com сайтын зарчимаар ажилладаг Монгол улсын сайт дээр Хятадын үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ танилцуулдаг болсон бөгөөд энэ нь тухайн үйлдвэрийн нэр хүндийн баталгаа болдог.
Тэд Монголын зах зээлийг жижигхэн голдоггүй. Бүрэн эрхт тусгаар Монгол улс гэдэг утгаар нь ойлгож, бид гадаадад бүтээгдэхүүнээ экспорлох боломжтой болж байна хэмээн хүндэтгэдэг.

Хятадын засгийн газар экспорлогч үйлдвэрүүдээ их хэмжээгээр урамшуулдаг тул манай сайт дээр бараа бүтээгдэхүүнээ нийтлэх сонирхол тэдэнд их бий.

Тэд манай сайт дээр мэдээлэл тавьсан төлбөрөөсөө хэзээ ч татгалздаггүй. Сар бүр тэд надад 500 юань цалин өгөхдөө ч дуртай байдаг. Энэ нь миний бизнесийн орлогын нэг нууц. Хятадын үйлдвэрийн эзэд Алс холын Монгол оронд өөрийн бие төлөөлөгчтэй болоход сарын 500 юаний цалин юу ч биш.

Үүдний харуулын цалингаас ч бага цалин. Гэвч миний хувьд олон үйлдвэрээс цалин авна гэдэг бол том орлого.
Нэгэнт надад байнгын орлого бий болсон болохоор би өөрийн ажилдаа сэтгэл хангалуун байдаг.

Миний бахархал

Улсад хөдөлмөрлөсөн он жил надад бараг байхгүй болохоор би тэтгэвэр хэмээх буяныг эдлэх эрхгүй хүн. Гэвч насны эцэст эдлэх хөрөнгө мөнгөнд огтхон ч санаа зовдоггүй. Учир нь би маш олон үйлдвэрлэгч дүүтэй хүн.

Миний ургуулсан бизнес санааг хэрэгжүүлж байгаа залуу дүү нар маань амжилттай ажиллаж байгаа болохоор ирээдүй маань надад гэрэлтэй харагддаг.

Сүүлийн үед Үндэсний үйлдвэрлэгчид олноор төрж дэлгүүрийн лангуу шинэ шинэ Монгол бүтээгдэхүүнээр баяжиж байна. Тэдний олонхи нь миний үйлдвэрлэгч дүү нарын маань бүтээл. Түүгээрээ би бахархдаг.

Ирэх жилийн өдий гэхэд би улам олон Үндэсний үйлдвэрлэгчидийг төрүүлж чадна.

Өдөр бүр над дээр олон залуус ирж жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн мэдээлэл авдаг.

Тэдэнд би үзсэн харсан сонссон бүхнээ сэтгэл харамгүй хэлж өгөх, шинэ итгэл зориг төрүүлэх, урам хайрлах ажил хийж байгаа маань миний бизнесийн бас нэг нууц.
Насны эцэст олон арван ТЭРБУМТАН-ҮЙЛДВЭРЛЭГЧ дүү нартай болчих юм бол тэтгэвэрээр яах юм бэ?