НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Монголчууд “Шөлөөр цадаж, төлөөр баяжина” гэж ярьдаг нь оргүй хоосон үг биш л дээ. Шөл бол хамгийн их өл залгадаг хоол юм. 

Зөвхөн шөлөөр баяжсан хүмүүсийн намтар их байдаг. Америкт бизнесийн гараагаа эхэлсэн Ли хэмээгч Хятад эр тэдгээр азтаны нэг. Тэрээр “Гурилтай хоол”-оор тэрбумтан болсон билээ. “Гурилтай шөл” гэдэг идэхэд тун өег бөгөөд өөрийн өртөг хямд хоолнуудын нэг.

Хүний сурсан ажил гэдэг насан туршид нь хэрэг болдог. Түүний Америкт байсан он жилүүдээс аз тохиосон ганцхан сарынх нь амьдралынх нь түүхийг энд өгүүлье.

Мистер Ли (李先生 1932-2008) хэмээх Хятад эр анх Америкт Калифорны үхрийн махтай гурилтай шөлний хаан гэдэг брэндийн үндэслэгч билээ. 

Хятадын хамгийн их хүнтэй Чүнчин хотод, жижиг худалдаачны гэрт төрсөн Ли 12 наснаасаа бизнест хөл тавьж, гурилтай хоол чадварлаг хийж сурчээ. 18 настай байхдаа Гоминданий намыхныг даган Тайваньд ирсэн байна. 

Тайваний Их сургууль, Мэриландийн бизнесийн Их сургуулийг төгссөн Ли 20 жилийн турш боловсролын мөр хөөн, Калифорнид худалдааны чиглэлээр бакалавр зэрэг хамгаалсан байна. 

Эрдмийн мөр хөөж, хүний нутагт байхдаа багагүй зовлон бэрхшээлийг амсч явсан Ли сурахын зэрэгцээ амьдрахын тулд янз бүрийн ажил хийж байв. 

Тэрээр Калифорний усан онгоцны гарам дээр өдөржин ачаа зөөж, орой нь гэртээ ирээд татсан гурилтай шөлөө хийж иддэг байв. Ийнхүү хүч тамираа нөхдөг байсныг нь хамт ажилладаг Паул хэмээх негр эр санамсаргүйгээр олж мэджээ. 

Ли бие жижигхэн ч гэсэн аварга биет Паулаас дутахгүй ажилладаг байсан тул түүний “Эрч хүчийн нууц”-ыг олж мэдэхээр Паул нэг өдөр нууцаар дагаж, гэрт нь очсон байна. Тун удалгүй Ли-гийн гэрээс анхилуун сайхан хоолны үнэр хамар цоргиж эхлэхэд, өлөн Паул тэсвэр алдан гэрт нь оров. Ли том аяганд гурилтай хоолоо аягалаад зогсож байлаа.

Гэнэтийн зочин орж ирсэнд Ли баярлан, найзыгаа хоолоороо дайлж гэнэ. Хожим нь Паул дурсамжиндаа:

“Ли-гийн хийсэн гурилтай хоолыг өдөр бүр идсэн ч уйдахгүй” гэсэн байдаг. Үхрийн ясны шөлөнд чанаж болгосон татсан гурилын амтанд орсон Паул Ли-д хандан:

- Чи өдөр болгон надад нэг аяга хоол хийж өгвөл би нэг доллороор худалдаж авья гэжээ.

Нэг хүний хоол хийх, хоёр хүний хоол хийх нь Ли-гийн хувьд ялгаагүй байсан тул даруй зөвшөөрч, хоёр найз тохиролцоонд хүрчээ. Тэр өдрөөс хойш, “Гай ирэхэд гараа татахгүй, зовлон ирэхэд зоосоо татахгүй найз” Паул нь түүний амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг болсон юм. 

Ли-гийн олон сайхан чанар Паулд таалагддаг байв. Ли өндөр боловсролтой, хүнтэй эвсэг байхыг үргэлж эрхэмлэдэг их соёлтой залуу байжээ. 

Маргаашнаас нь, Ли хоёр хүний хоол хийдэг болж, сарын цалин нь 30 доллороор нэмэгдсэнд их баяртай байлаа. 

Тэрээр сард 60 доллорын цалин авдаг байсан бол 90 доллорын цалинтай болсноор ард үлдсэн гэртээ мөнгө илгээх боломжтой болов.

Удалгүй Паул хамт ажиллагсаддаа Ли-гийн хийсэн хоолыг гайхуулан ярьж, гурилтай шөлний амтыг үзэх гэсэн хүсэлт бөөн бөөнөөрөө ирлээ. Энэ үед Паул Ли-д хандан:

- Чи ер нь ажил хийгээд хэрэггүй. Энэ хоолныхоо гуанзыг ажлынхаа хажууд нээчих. Тэгвэл хүн болгон чиний хоолыг нэг доллороор худалдан авч идэх болно гэж зөвлөжээ.

Усан онгоцны гарам дээр түүний хамт ажилладаг найзууд гэвэл бүгд 12 хүн. Тэд бүгд Ли-гийн хийсэн хоолыг худалдан авч идвэл Ли сардаа 360 доллорын орлоготой болох байлаа. Гэвч түүнд гуанз нээхэд хүрэлцэх мөнгө байгаагүй тул гэрээсээ хоолоо зөөхөөр болжээ. Эхний 3 өдөр Ли гэрээсээ хоолоо зөөж ажилчдад худалдаж гэнэ. Энэ байдлыг усан онгоцны гарамын эзэн мэдсэн байлаа. 

Энэ нь Ли-гийн хувьд азтай тохиол болсон юм. Учир нь түүний хийсэн хоол ажилчдад хүч тамир нөхөж байгааг Усан онгоцны гарамын эзэн Паулаас сонсож мэдсэн байжээ. Иймд усан онгоцны гарам дээр “Ажилчдын хоолны гуанз” нээхийг нь зөвшөөрч, жижиг байр түрээслүүлжээ.

Усан онгоцны гарам дээр нийт 5 бригадын 60 ажилчин ажиллаж байв. Ийнхүү өдөр бүр нэг сарынхаа орлоготой тэнцэх хэмжээний мөнгө олох тооцоо гарчээ. Ли өглөө бүр мал нядалгааны газар очиж, үхрийн шулсан яс худалдаж авна. Бүтэн үхрийн шулсан яс худалдан авахад ердөө 15 доллор. 

Ажлынхаа байранд ирмэгц худалдаж авсан ясаа том тогоонд хийж гал дээр тавьчихаад, хүнсний захаас шинэ гурил худалдаж авна. Гурилаа зуурч дуусахад, шөл нь буцалж байдаг байв.

Багаасаа хийж сурсан ажил болохоор шөл буцалмагц, Ли ажилчдыг хоолонд нь урьж, гурилаа тэдний нүдэн дээр сунгаж татаад тогоо руу шидэхдээ хөгжилтэйгээр бүжиглэнэ. Энэ бүх процесс маш хурдан үргэлжлэх бөгөөд ажилчид ч гурилыг сурамгай татахыг нь харж баясах дуртай байлаа.

Гэвч Ли-гийн хувьд энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Өдөр бүр шинээр ирэх зочдын тоо нэмэгдэж, түүний тооцоолсон орлого санаанд оромгүй хурдан өслөө. Ли ганцаараа олон хүний хоол хийх хүч хүрэхгүй болмогц, дотны найз Паулыг өөрийнхөө туслах ажилчнаар татан оролцуулж, сард 120 доллорын цалин түүнд амлав.

Ли-гийн бизнес өргөжин тэлж байгааг усан онгоцны гарамын эзэн ихэд таатай хүлээн авч, түүний ажлын байрыг томсгож өглөө. 

Ажлын байрыг томсгоно гэдэг бол гарамын эзэнд бас ашигтай байсан нь мэдээж. Түүний түрээсийн төлбөр дахин нэмэгдэнэ шүү дээ. Хагас жил өнгөрөхөд Ли-гийн өдрийн орлого 1000 доллор давж, түүний үнэнч фенүүдийн тоо улам бүр нэмэгдэх болов.

Ли өөрийн гэсэн томоохон зоогийн газар нээхээс өөр аргагүй байдалд хүрч, усан онгоцны гарамын хажууд нэг ээлжиндээ 200 хүн хүлээж авч чадахаар том зоогийн газар байгууллаа.

Ли-гийн зоогийн газар 30 гаруй ажилчинтай болж, өдрийн орлого улам бүр нэмэгдэх болсон нь санаанд оромгүй явдал байсан юм.

Удалгүй Ли Калифорнид татсан гурилын үйлдвэр байгуулан, Калифорний вокзалууд, их дээд сургуулиуд, томоохон үйлдвэрүүд, худалдааны захууд дээр “California Beef noodle” гэсэн хаягтай түргэн хоолны газруудаа нээж, түүний жилийн орлого нь 800 мянган доллор болов.

Хоёр жилийн дараа цар хүрээ нь Калифорни мужаас хальж, “California Beef noodle” гэсэн хаягтай түргэн хоолны газрууд Хятадын зах зээлд нэвтэрч Хятадын бүх том хотуудад борооны дараах мөөг шиг ар араасаа цувран нээгдлээ. Энэ түүх одоо ч гэсэн үргэлжилсээр. 

Түүний амжилтын нууц юу байв? 

Тэрээр гурилтай шөлийг “Түргэн хоол” болгох үйлдвэрлэлийн аргыг үндэслэгч юм. “Түргэн хоол” гэдэг хагас бэлэн бүтээгдэхүүний аварга том үйлдвэрлэл. Түргэн хоолны цэгүүдийн гурил, шөл, махыг үйлдвэрийн цэвэр орчинд бэлтгээд, салбарууд руугаа түгээнэ. Бүх салбар дээр худалдаалагдаж байгаа хоолнуудын амт яг адилхан байдаг нууц нь энэ. 

Мөн салбарууд дээр ажиллаж байгаа тогооч нарын хөдөлмөрийг хөнгөвчилж өгсөн учир үйлчлүүлэгчд удаан хүлээдэггүй. Үүнээс улбаалан үйлчилгээ шуурхай болж, олон хүнд үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон.

"Мөнгө босгох мянган санаа" номын маань нийтлэл