Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


2017 оны 9 сарын 18 өдөр

Өглөөний 6 цагт ээлжит бизнес аялалаа “Чингис хаан” онгоцны буудлаас эхэллээ. Миний энэ удаагийн аялалын хөрөнгө оруулагч нь Ганзориг дүү маань байлаа.

Бид МИАТ-ийн Бээжин-Улаанбаатарын ирж буцах онгоцны тийзийг урьдчилан захиалсан байсан тул үнэ хямд байдаг. Харин Бээжингээс цааш аялалын зардал болгож 5000 юань төсөвлөсөн байлаа.

Онгоц Улаанбаатараас хөөрөөд, 2 цагийн дараа Бээжингийн Терминаль 1 онгоцны буудалд газардаж, улмаар бид Бээжингийн Өмнө вокзалаас Зэжиан мужын Юяао хот руу хурдны галт тэргэндээ амжиж суулаа. Очих газар маань тодорхой байсан болохоор би Бээжингээс Юяао хүртэл галт тэрэгний билетийг урьдчилан захиалчихсан байсан.

Шууд гадаад паспортоо үзүүлээд л билетээ авсан. Бээжингээс 1500 гаруй км-ийн алс орших энэ жижигхэн хот руу явахад хүн тус бүрт 577 юаний зардал гарна.

Бизнес аялал

Өдрийн 13 цаг 45 минутанд галт тэргэндээ суугаад, оройн 20 цаг 15 минутанд Юяао хотын вокзал дээр ирлээ.

Би Хятадаар яриагүй их удсан болоод ч тэр үү, эсвэл Өмнөд нутгийн хүмүүсийн эдгээд аялгатай хэлийг сонсоод ойлгоход нэн бэрх болсон байлаа. Гэвч энэ бэрхшээлээ хамт явж байгаа дүүгээсээ нуух гэж оролдсон ч харамсалтай нь “Нуувч далдайна” гэгчээр 500-аадхан метр газар таксидаад, хулхи гаруудад 40 юанаа алдчихлаа. Вокзал дээр байдаг өндөр үнэтэй таксинууд шүү дээ.

Хятадад хулхидах асуудал алхам тутамд гардаг. Түүнээс урьдчилан сэргийлэх нь л миний үүрэг шүү дээ. Анх удаагаа Хятад оронд ирж байгаа дүү маань бүхнийг гэгээлгээр харж яваа нь ойлгомжтой. Үүнээс сэргийлэх үүрэг ганц надад л байгаа шүү дээ.

Бид хэний ч туслалцаагүйгээр хоногын 199 юанийн үнэтэй буудалд буулаа. Аян замын алжаалаа тайлахын тулд 4 шил Жинжиү гэдэг хүн орхоодойн архи уулаа. Их архи уучихлаа гэж битгий бодоорой. Нэг шил архи нь  ердөө л 125 гр байдаг бөгөөд үндсэндээ ах дүү хоёр нийт 500 гр архиндаа хөөрхөн халаалт аваад унтацгаав.

2017 оны 9 сарын 19 өдөр

Энэ өдөр халуунхан адал явдалтай өдөр байлаа. Юяао хотод ирэх болсон шалтгаан маань гэвэл хамт яваа Ганзориг дүү маань Еva гэгч Хятад бүсгүйтэй уулзаж, худалдааны гэрээ байгуулах явдал байсан юм.

Ганзориг маань тэр бүсгүйтэй www.alibaba.com сайтаар урьчилан харилцаад бараа бүтээгдэхүүн худалдан авах асуудлаа тохиролцсон байсан юм.

Өглөөний 9 цагт Хятад бүсгүйчүүд биднийг буудал дээрээс хүлээн авч улмаар үйлдвэр дээр дагуулан очив.

Бизнес аялал

Бидний хайж яваа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэггүй ч гэсэн ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан тул Ганзориг хайж явсан зүйлээ олчихсон мэт өндөр сэтгэгдэлтэй байлаа.

Харин миний хувьд Хятадын үйлдвэрээр аялах хоббитой болохоор тоног төхөөрөмжийг нь үзэж, үйлдвэрийн түүхий эд, технологийн талаар нь сонирхох нь гол ажил байсан юм. Магадгүй цаашид Ганзориг маань хайж явсан зүйлээ Монголдоо үйлдвэрлэх шаардлага гарч магадгүй гэж бодсон хэрэг л дээ.

Энэ үйлдвэр маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боловч бидний хайж яваа зүйлийг үйлдвэрлэж байгаа нь харагдахгүй байсан юм.

Үйлдвэртэй танилцсаны дараа Хятад бүсгүйчүүд бидэнд уламжлал ёсоороо үдийн зоог барив. Хятад хүн хоолон дээр ажил ярих нь ховор бөгөөд ирсэн зочиндоо хүндэтгэл үзүүлж байгаа хэлбэр юм.

Үдийн зоогийн ширээн дээр найман төрлийн хоол өрсөн байх бөгөөд ихэвчлэн махан төрлийн хоол байсан нь Монголчууд бидэнд таашаалд нийцүүлсэн сонголт байв. 

Гэвч анх удаа зүүн өмнөд Хятадад аялаж яваа дүү маань зарим нэг далайн гаралтай загас хавч ногоог нь сониучирхаж байсан боловч идэж чадсангүй.

Хоолны дараа үйлдвэрийн оффис дээр очиж гэрээ байгуулах, үнийн саналаа тохиролцох, цаашидын хамтын ажиллагааныхаа талаар ярилцах гээд түмэн ажил биднийг хүлээж байсан юм. Гэтэл асуудал өөрөөр эргэж, надад эргэлзэх сэтгэгдэл төрлөө.

Хятадын бүсгүйчүүд “Үйлдвэр дээр оффис байхгүй. Тийм болохоор танай буудалд очиж ярилцъя” гэсэн саналыг бидэнд тавьсан юм. Ийм том үйлдвэрт уулзалтын өрөө байхгүй байна гэдэгт би итгэж чадахгүй байлаа. Гэвч дүүдээ энэ тухайгаа хэлсэнгүй.

Бид буудалдаа эргэн очиж Еva гэгч тэр бүсгүйгээс үнийн саналыг асуулаа. Түүнтэй хамт үйлдвэрийн борлуулалтын ажилтан гэх Dora, Selena гэж өөрсдийгөө нэрлэсэн хоёр бүсгүй дагалдан явж байв. Би сонирхож байгаа бүтээгдэхүүнийхээ үнийн саналыг асуухад Eva 5 минут хиртэй тооны машин дээр бодож тооцоолж байгаад цаасан дээр гар бичмэлээр үнийн саналыг бичиж өглөө. Бас дахиад л надад эргэлзээ төрж эхлэв.

Эхнээсээ эхлээд би Хятадаар ярьдаггүй, зөвхөн англиар ярьдаг болж жүжиглэж байсан тэвчээр маань алдагдаж байснаа нуухгүй. Өөрийн эрхгүй намайг Хятадаар яриад эхлэхэд бүсгүйчүүд ихэд цочирдож, үнийн саналаа буулгасан. Гэхдээ үнийн санал маш бага хэмжээгээр бууж, бидэнд ямар ч ашиггүй санал болж хувирсан. Өөрөөр хэлбэл маш өндөр "Үнийн санал".

Хятадын Alibaba хэмээх сайтын цаана жинхэнэ үйлдвэрлэгчид бус “Зуучлагч” нар их ажилладаг юм байна гэдэг нотолгоо маань улам бүр баталгаажиж, бид эдгээр зуучлагч нараас үтэр түргэн салах хэрэгтэйгээ ойлгосон.

Харин жинхэнэ үйлдвэрлэгчийг нь хэрхэн олж харилцах вэ? гэсэн гацаатай асуудал бидэнд үлдлээ.

Бүсгүйчүүдийг явсаны дараа бид хоёр үйлдвэрийг өөрсдөө олж очихын тулд гар утасныхаа газрын зургийг ашиглахаар шийдсэн юм. Миний гар утсан дээр Хятадын Baidu хэмээх хайлтын системийн газрын зураг байсан.

Бизнес аялал

Үйлдвэр дээр байхдаа байршилыг нь тэмдэглэчихлээ гэж бодож байсан маань талаар болж, яаруу сандруу хийсэн байршил тогтоолт маань буруу тэмдэглэгдсэн байлаа. Одоо яах билээ?

Дүү маань Хятадын зуучлагч нарт хулхидуулсандаа харамсаж таг чиг орон дээрээ хэвтээд өгсөн. Би үйлдвэрийг олох гэж хамаг байдаг аргаа хэрэглэсэн боловч нэгэнт алдаатай байршилаар очиж байсан үйлдвэрээ олоход бэрх байлаа. Гэтэл гэнэт Ганзориг маань:

Бизнес аялал

- Тайван ах аа! Би үйлдвэрийн олчихлоо гэдэг юм байна. Хятад улсаар 8 жил хэрэн тэнүүчилсэн миний олж чадаагүй үйлдвэрийг ийм амархан олчихсонд би үнэхээр гайхсан.

Тэрээр харин Samsung утсан дээр авсан зурагны properties тайлбар дээрээс уртраг өргөрөгийг (Samsung утас нь Google map ашигладаг бөгөөд Google хятад улсад ажилдаггүй) бичиж аваад өөрийн Iphone 6 гар утсан дээрхи газрын зурган дээрээс үйлдвэрийн жинхэнэ байршлийг төвөггүй олчихсон байв. Ингээд ах дүү хоёр үйлдвэр рүү таксидлаа. Таксины жолооч:

- Хаа хүрэх вэ? гэж надаас асуухад би “Чигээр яв” гэсэн товчхон команд өглөө. Таксины жолооч бид хоёрыг гадаадын хүн гэдгийг мэдсэн ч:

- Хаа хүрэх юм бэ? Очих газрыг чинь мэдэхгүйгээр би та хоёрт үйлчилж чадахгүй гэх зэрэг олон юм ярьж явлаа. Ганзориг маань арын суудалд суучихсан GPS ээр замаа надад хэлж өгнө. Би жолоочид зөвхөн баруун, зүүн эргэх газар нь хэлж өгнө. Бид хоёр нээг их зам мэддэг хүн шиг л замаа яв цав зааж өгч байсан.

Таксины төлбөрийн заалт 46 юань болсон боловч бид бүх задгай мөнгөө шавхаад 43 юаньтай л байлаа. Таксины жолооч бүхэл мөнгө авахгүй гээд цааргалсангүй бидний 43 юанийг аваад арилаад өгсөн. Үнэндээ 16 цагт ажил нь буух цаг нь болчихсон байсан тэр 3 юань дээр олон юм ярьсангүй.

Бизнес аялал

Бид үйлдвэрийг зөв олсон байлаа. Үнэхээр дүү маань эгзэгтэй үед сэтгэлээр унасангүй. Харин ч тархиа сийрэг ажиллуулж чадсан нь бахархмаар. Тэрээр үйлдвэр дээр очиж байсан товч замаар бус, бага зэрэг тойруу замаар явсан ч үйлдвэрийг олж чадсан юм.

Нэгэнт үйлдвэрийг олсон юм чинь хаяг дээр нь байгаа албан ёсны нэрээр нь интернетээс эрж хайх юм бол үйлдвэртэй холбогдож чадна гэдэгтээ итгэлтэй байлаа. Би ч үйлдвэрийн хаягыг Хятадад байдаг хуурай дүү нарынхаа нэг рүү Wechat-аар илгээж, тухайн үйлдвэрийн талаархи мэдээллийг хялбархаан олж явсан юм. Хятадад маш олон туслагч дүү нар надад бий. Тэд миний хүссэн мэдээллийг дор нь олоод өгчихдөг үнэнч туслахууд.

Харамсалтай нь бидний очсон их том үйлдвэр бөгөөд бидний хайж яваа зүйлийг үйлдвэрлэдэггүй болох нь ойлгогдов. Eva хэмээх “Зуучлагч” бүсгүй биднийг ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр дээр дагуулж очоод, луйвардах гэж байсаныг нь бид өөрсдөө илрүүлж чадсан юм.

Хятад бүсгүйчүүдийн булхайг илрүүлж чадсан ах дүү хоёр эргээд буудал руугаа явах гэтэл хөдөөгийн тосгоноос хотын төв рүү явдаг такси гэж байсангүй. Нар нилээд гудайсан байлаа.

Бизнес аялал

Гэвч над шиг "Тэнүүлчин"-д энэ бол хүнд асуудал биш. Би чинь "Суусан цэцэн биш явсан тэнэг" шүү дээ.

Гар утсаа нээж, тухайн тосгоноос хот руу явдаг автобусны зогсоолыг олоод суулаа. Гэтэл бүх задгай мөнгөө таксинд өгсөн бид хоёрын бүхэл 100-тын дэвсгэртийг автобусанд авахгүй гэсэн шалаанд орлоо. Харин ард явсан сургуулийн сурагч картаа 3 удаа уншуулсанаар бид буудалдаа эргэж ирэх зардалтай болов.

Хятадуудад хулхидуулсандаа “Уур ч хүрмээр юм шиг, инээд ч хүрмээр юм шиг” байдалд орсон бид хоёр Интернетийн луйварчинаас урьдчилан сэргийлж чадсандаа л баяртай байлаа.

Монгол эрчүүдийн “Гэм биш зан” гэх юм уу даа. Ах дүү хоёр цадталаа сайхан хоол идээд, архидахаар шийдэв. Буудалдаа ирээд 8 шил жинжиү архи (Нэг нь 125 гр) аваад хоюулаа жаргалтай нь аргагүй хуучилж, бас ч зүгээр байсангүй дахин хоёр шил архи авч даварлаа. Нийт 1250 гр архи уучихсан байсан юм. 

Бачимдсан сэтгэлээ архиар тайлж байгаа ч бодит байдалд хүлээцтэй дүгнэлт хийхийн тулд ах дүү хоёр маргааш хэрхэх тухайгаа аль хэдийн зөвлөөд, төлөвлөгөөгөө боловсруулчихсан байлаа.

Хүний нутагт бизнес аялал хийж явахдаа хэзээ ч ухаанаа ууж болохгүй гэдэг миний үзэл бодол дүүгийнхтэй яв цав нийцэж байсан юм. Учир нь тэрээр бас Ирландад 10 гаруй жил суралцаж, эдүгээ докторантурт сурч байгаа болохоор ухамсар өндөр, боловсролтой хүн байв.

Бизнес аялалын өдрүүд дандаа нартай байдаггүй. Сүүдэр дайрна гэдэгт байнга бэлтгэлтэй байх хэрэгтэй. Иймд архи уухынхаа өмнө бид хоёр Зэжиан мужын Тайжоү хот явах галт тэрэгний билетээ авчихсан, очиж уулзах хүнтэйгээ тохирчихсон байсан болохоор сэтгэл амар байлаа.

Ганц найдлага маань алдарсан ч гарцаа олдог Монгол ухаанаараа бидэн хоёр дараагийн аялалдаа гарах бэлтгэлээ хангачихаад, унтаж амрахаар хэвтлээ.

2017 оны 9 сарын 20 өдөр

Энэ өглөө би маш сайхан амарсан байлаа. Харин дүүгийн маань сэтгэл их тавгүй хоносон бололтой. “Их санасан газар 9 шөнө хоосон” гэдэг шиг л битүүхэндээ өөртөө гутарсан байх л даа. Гэвч хамт яваа хүндээ хүндрэл учируулахгүй юмсан гээд л надаас үүнийгээ нууж байгаа нь ойлгомжтой байсан. Би сэтгэлийг нь засах гэж хэдэн зоригжуулах үг чулуудсан боловч амжилт олохгүй гэдэг нь ойлгомжтой. 

Ах дүү хоёр маш өөдрөг сэтгэлээр шинэ аялалдаа гарлаа. Өглөөний 7:20-ийн галт тэргэнд суугаад 9 цаг гэхэд Тайжоү хотын галт тэрэгний өртөөн дээр ирлээ.

Бизнес аялал

Ямар ч байсан Тайжоү хотод шинэ шинэ бизнесийн алтан боломжууд, олон сайхан түншүүд намайг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байсан. Энэ хотод би урьд нь 4 удаа ирж байсан. Хятадын хуванцарын үйлдвэрлэлийн маш том хот.

Бизнес аялал

Өчигдөрхөн бүтэл муутай адал явдалтай учирсан ах дүү хоёрыг энэ удаа ямар адал явдал хүлээж байгаа бол?

Өөрийгөө John гэж нэрлэсэн халзан толгойтой сэргэлэн бор залуу биднийг Вокзал дээр угтлаа. Хятадын үйлдвэрийн эзэдтэй уулзахаасаа өмнө урьдчилан тохиролцдог бичигдээгүй хуулийг би баримталдаг. Урьд өдөр нь энэ залуугийн үйлдвэрийг интернетээс олоод маргааш нь уулзаж байгаа нь энэ.

Хятадын үйлдвэрлэгчид гадаадын зочидыг хамгийн багадаа 3-4 өдөр хүлээдэг байсан бол ганцхан өдрийн дотор хүрээд ирсэн бид хоёрын гэнэтийн айлчлал түүнийг ихэд цочирдуулсан юм.

Ийм шуурхай хүрээд ирнэ гэж түүний санаанд огт буугаагүй бололтой. Гэвч гадаадын зочин үйлдвэр дээр нь ирнэ гэдэг бол Хятадын үйлдвэрлэгч нарын том бахархал байдаг.

Бид John-ын үйлдвэр дээр очиж үзлээ. Над шиг олон үйлдвэрээр хэсэн тэнэж явсан хүний хувьд байдаг л жижиг үйлдвэр байсан юм. Харин дүүд маань ямар сэтгэгдэл төрсөнийг мэдэхгүй.

Гэвч тэрээр маш сайн сэтгэлээ барьж өнгөлөн далдлалт хийх чадвартай хүн болохоор түүнийг дотроо юу бодож байгааг илэрхийлэхд бэрх.

Бидний хайж яваа бүтээгдэхүүн бас л алга. Учир нь Монголдоо байтугай Дэлхийд ховорхон технологийн бүтээгдэхүүн бид хайж байгаа шүү дээ. Чухам юу вэ? гэдгийг уншигч танд нууцлахаас өөр арга надад алга. Энэ бол дүүгийн маань олон өдөр бодож олсон бизнесийн НУУЦ шүү дээ.

Бидний мөнгө энгийн бизнес аялалд бол хангалттай хүрэлцэх мөнгө. Харин тансаг хэрэглээтэй бизнес аялалын хувьд ганц өдрийн л хэрэглээ.

Гэтэл John маань биднийг Таван одтой буудалд дагуулаад ирдэг юм байна. Тархи руу цус харвах шиг л болсон. Энэ буудалд буух юм бол бид хоёр буцах мөнгөгүй болно гэдгийг би сайн мэдэж байлаа. Гэвч “Нэрлэхүү зантай Монгол эр” гэдэг өвчин маань хөдлөөд мөнгө дутвал хувиасаа мөнгө гаргана даа гэж бодож байтал John маань GREEN HOTEL зочид буудлын нэг хоногын төлбөр болох 600 юанийг бидний өмнөөс төлчихлөө. Би мөнгөтэй хүн шиг өөрөө төлбөр хийх гэсэн боловч тэрээр хүлээж авсангүй.

Бизнес аялал

Буудлын өрөөнд ормогц л өндөр зэрэглэлийн буудал болох нь ойлгомжтой байсан. Энэ буудлын бүх юм бидэнд таалагдсан боловч нэг л зүйл огт таалагдаагүй.

Тэр бол төөрчихсөн том жоом байлаа. Барагтай л бол Хятадын том буудлуудад харагддаггүй тэр жоом манай өрөөнд төөрөөд ороод ирчихсэн байсан юм.

Бүтэн хоёр өдрийн турш үйлдвэрийн эзэн бүх ажлаа хойш тавиад бидэнд үйлчилсэн. Биднээс нэг ч юаний зардал гаргуулсангүй.

Ганцхан хотод очоод буцаад ирнэ гэж бодож байсан бид бүтэн хоёр өдрийн турш өндөр үнэтэй рестораны дайллаганд орж, хүндэтгэл хүлээж байгаа нь дүүг маань алмайруулсан байх. Үгүй ч байж магад. Европт олон жил байсан болохоороо энэ зэргийн юманд алмайрах ч үгүй байж болно. Гэвч тэрээр өөрийнхөө байр суурийг Хятад маягаар илэрхийлэх үүргээ сайн биелүүлсэн юм.

Хятад хүн зочиноо амаар нь гартал идүүлж уулгаж байж сэтгэл нь ханадаг зочиломтгой хүмүүс.

2017 оны 9 сарын 21 өдөр

Тайжоү хотод бидний ирсэн 2 дахь өдөр. Үдээс өмнө бид үйлдвэрийн эзэнтэй ажил ярьсангүй. Миний хувьд дүүгийнхээ ажлыг бүтээхийн тулд худалдааны хэлэлцээрт бэлтгэх явдал байлаа. Гэхдээ гэрээ бичээд суух тухай бус, Хятадын үйлдвэрлэгчийн судсыг хэрхэн барих вэ? гэдэг дээр л бодол санаагаа уралдуулж байлаа. Хамгийн чухал нь түүнд ямар нэгэн талаараа таалагдаж, түүнд итгэл найдвар төрүүлэх явдал юм.

Хүн л болсон юм хойно хуурамч зан төрх гаргах юм бол дараа өөрийгөө эвгүй байдалд оруулна. Хятад худалдаачид амьдралын үнэн үгийг их таашаан хүлээн авдаг. Хуурамч баг өмссөн хүмүүсийг андахгүй. Тэдэнд хоосон томрох биш, жижигхэн ч гэсэн үнэнээрээ байх нь чухал. Хүний итгэлийг олох гэдэг нь бусдаар хайрлуулахаас хэцүү ажил.

Бизнес аялал

"Монголчуудыг том биетэй, дайчин төрхтэй, архи сайн даадаг" гэж хятадууд ярьдаг. Гэвч түүнийг нүдээрээ үзсэн хүн ховор.

Аз болоход дүү маань наадуулыг чинь хоюулаа бишрүүлэх үү? гэдэг юм байна. Яаж?

- Монголчууд архи сайн даадаг гэдгээр бишрүүлж болно шүү дээ гэлээ. Ингээд л Хятадын хоёр үйлдвэрийн боссын эсрэг дүү маань тулаанд зодоглолоо. Тэд тус бүр таван шил архи уугаад нэг нь тас үсрээд нөгөө нь яриа нь олшироод ирлээ. Хөл рүүгээ архи нь орсон нь илт. Тогтож зогсох тэнхэлгүй болсон тэрээр гагцхүү “ах дүү шиг байлаа” гэхээс өөр юм үл хэлнэ.

Харин дүү маань 8 шил архи уугаад, сэмхэн гараад хамаг ууснаа 00-ын суултуур руу хөөгөөд гаргачихав. Ийм их архи уучихаад огт согтсон шинжгүй байгаа дүүг маань Хятад боссууд хараад бишрэхгүй байхын арга үгүй.

"Нүдээрээ үзсэнд л итгэ" гэдэг биз дээ.

Хятадын хамгийн хүчтэй согтоох чадвартай Жинжиү гэдэг архинаас нэг литрийг уучихаад цоо эрүүл хүн шиг зогсож байгаа эрийг тэд амьдралдаа анх удаа үзэж байгаа нь энэ.

Бараг л насан туршдаа зоогийн ширээний ард ярих юмтай болсон мэт тэд баярлаж байлаа.

Оройн зоог дээр дүүгийн маань бие их муудсан ч тэрээр огт зовсон шинжгүй дуу шуутай хөгжилтэй байж чадсан юм. Энэ гайхамшигт чадвар зөвхөн Монгол хүний эрүүл биед л байдаг гэдэгт Хятад эзэд бүрэн итгэсээн.

Оройн хоолны дараа үйлдвэрийн эзэн John Ганзориг дүүд маань огт санаанд оромгүй бизнес саналыг тавьсан бөгөөд бидний арганд орсоноо мэдээгүй. Энэ дашрамд би үйлдвэрийн эзэнд хандаж:

- Хятадын бизнесийн орчинд бичигдээгүй нэгэн хууль үйлчилдэг. Худалдан авагч танилцуулсан хүндээ худалдаачин заавал хувь шагнал өгдөг. Миний хувьд чамд худалдан авагч танилцуулах гэж ирээгүй. Энэ дүүдээ туслах гэж ирсэн юм. Надад ямар ч коммишн шагнал хэрэггүй. Бүх татвараас чөлөөлөгдсөн бодит үнийн саналаа өгөөрэй гэж би John-оос хүссэн. "Онож хэлсэн үг тэнэсэн сум шиг тархинд тусдаг" гэгчээр миний энэ үгэнд тайвширсан John дүүд маань маш боломжын санал тавьлаа.

Энэ орой "Азын хур буух" мэт бас дахин нэг бизнес санал ирсэн нь биднийг хулхидах гэж байсан зуучлагч нарын танилцуулж байсан үйлдвэрийн эзнийх байлаа.

Энэ санал "Тэр том үйлдвэр Монголын зах зээлийг сонирхохгүй байлгүй дээ" гэж бодож байсан ах дүү хоёрыг нэгэн зэрэг алмайруулав.

Тэр үйлдвэрээс салбарлаж гарсан өөр үйлдвэр бидний хайж явсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бэлтгэлээ хангасан байсан бөгөөд эзэн нь биднийг үйлдвэр дээрээ урьсан боловч цаг хугацаа маш бага үлдсэн байв. Үнэхээр харамсмаар!!!

Бизнес аялал

Бүтэл муутай өдрийн урхинд ороогүй ах дүү хоёрт аз хийморийг дүүртэл дагуулсан өдөр бас ирдэг л юм байна.

Буян сайтай хүнд бурханы туяа тусдаг. Бордоо сайтай хөрсөнд цэцэг жимс ургадаг гэдэг. Дүү маань хийморьтой эр юм даа гэж надад санагдсан.

Нэгэнт аяны алтан богц нь дүүрсэн болохоор дүү маань гэнэт ядарсанаа мэдэрч, буудалдаа ирээд нам унтлаа. Дүүгээ би архи их уудаг гэж хэлэх гэсэн дээ энэ түүхийг бичээгүй юм шүү. 

Харин олон газраар явж олонтой байж сурсан хүний зангаар биеэ маш сайн хянаж ажилаа амжилттай бүтээснийг нь бахархаж бичлээ.

Би Телевизээр Хятад жижиг дунд үйлдвэрийн CCTV-7 сувгийг амтархан үзэж, их архинд "хордсон" дүү маань дэргэд хурхирсаар...

2017 оны 9 сарын 22 өдөр

Аялал хийж явахад хийх ажилгүй галт тэрэг хүлээж хагас өдөр өнгөрөөх явдал байхад гэж бас бүтэн өдөр ч үл хүрэлцэх тохиолдол ч байдаг.

Бид Тайжоу хотоос нутаг руугаа буцахын тулд ямар их тэвдсэн гээч. Өглөөний 10 цаг 56 минутанд Тайжоу хотоос Бээжин хот руу хурдны галт тэргээр явлаа. Хамгийн аймшигтай нь оройн 19 цагт Бээжингийн өмнө вокзал дээрээс нисэх онгоцны Терминаль 3 буудал хүртэл 100 минутанд амжиж очих байлаа. Учир нь бидний онгоцны билет буцаах боломжгүй бөгөөд бид ядаж 2 цагийн өмнө онгоцны буудал дээр ирсэн байх ёстой.

Галт тэрэгнээс буумагц л бид хоёр хар хурдаараа метро руу гүйж тасалбараа авч амжлаа. Бидэнд нислэг хүртэл 2 хон цаг байгаа. Гэвч бид хоёр амжиж чадсаан.

Нислэг 2 цаг үргэлжилж Улаанбаатарын "Чингэс хаан" ОУ-ын нисэх онгоцны буудал дээр газардахад зөөлөн бороо шивэрч байлаа.

Хүний нутагт сайхан ч гэр маань илүү сайхан гэдэг энэ агшинд мэдрэгдсэн.

Ийнхүү бидний 5 хоногын хүндхэн аялал адал явдал, амжилт бүтээлээр дүүрэн дууслаа.

Аян замын тэмдэглэл бичсэн Ц.Энхтайван

2017 оны 9 сарын 23 өдөр