НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Хятадын төв нутгийн Аньхүй мужийн Хуаншань уулыг дотоод гадаадын жуулчид маш их сонирхдог билээ. Харин энэ Хуаншань уулны хормойд байрладаг бөгөөд дэлхийн өвд орсон Шиди тосгоныг тэр болгон хүн сайн мэддэггүй юм. Уг тосгонд эртний хуучин сууцууд нэлээд бүрэн бүтнээрээ байдгаараа их алдартай бөгөөд 6 жилийн өмнө энэ нь дэлхийн соёлын өвд орсон байна. Шиди тосгон нь Хуаншань уулнаас автобусаар нэг цаг явж хүрнэ.

Ишяни хотын төвөөс маш ойрхон, 8 км зайтай байдаг. Уг тосгон нь зүүнээс баруун тийш ердөө 700 метр урт, өмнөөсөө хойшоо 300 метр өргөн. Энэ тосгоны хажуу дэхь гол нь зүүнээс баруун тийшээ урсдаг.

Энэ тосгон нь хуучин цагт илгээлт дамжуулдаг улаа өртөөний газар байсан тул үүнээс улбаалж Шиди хэмээх нэртэй болсон гэдэг. Энэ тосгонд Мин Чин улсын үеийн 200 гаруй орон сууц бүрэн бүтнээрээ байдаг бөгөөд хамгийн эртнийх нь 600 гаруй жилийн түүхтэй гэнэ.

Шиди тосгоны эртний сууцууд нь хаалганы хатавч, тотго, арлаа бүр том хар чулуугаар хийж, сийлбэртэй модон цонх хийсэн байдаг. Уг тосгоноор хоёр ч гол урсан өнгөрдөг бөгөөд янз янзын олон давхар байшинтай. Мөн энэ нутгийн уул усных нь үзэмж маш сайхан тул жуулчид ихээр зорин ирдэг газар болсон байна. Тосгоны өндөр хананууд бүхий 99 гудамжтай бөгөөд нийт 200-аад орон сууцтай.

Нэлээд бүрэн бүтнээрээ байгаа эдгээр барилгуудыг эдүгээ аялал жуулчлалын түүхэн үзмэр болгоод байгаа бөгөөд хуучин сууц арваад байна. Эдгээр орон сууцууд нь дотор гадар засал чимэг, бичиг зураг, гэр ахуйн тавилгаасаа эхлээд бүр Мин Чин улсын үеийн онцолгоо хадгалсан байдаг.

Түүхэн тэмдэглэлээс үзэхэд манай тооллын 7-р зууны үед Хятадын хааны нэг агь төрийн үймээнээс зайлан энэ газар ирээд нэр овгоо нууцалж, суурьшсан юм гэнэ. Хожим нь энэ газар ирж амьдардаг хүн ард олширч, тосгон болсон байв. 14-р зуунаас хойш уг тосгоны нэг бүлэг хүн аралжаа наймаа хийж баяжаад их хэмжээний барилга байгуулалт хийж, зам засаж, гүүр босгож, сүм байгуулж, хээнцэр сайхан бөгөөд бат бэх орон сууцууд байгуулж, уг тосгоныг хятаддаа хосгүй сайхан нутаг болгосон ажээ.