НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Тяньжин хотын Цзи сяний дүүргээс баруун хойш 12 километр зай газарт оршдог, 106 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий Пань шань уул бол эртний түүх соёлын дурсгалт газар бөгөөд эх байгалийн өнгө төрх үзэмжээрээ нэрд гарсан аялал жуулчлалын бүс нутаг юм.
Түүхэнд “Нийслэл Бээжингийн зүүн тал дахь тэргүүн уул” хэмээгдсэн уг уулыг 1994 онд Төрийн Зөвлөлөөс үндэсний хэмжээний байгалийн болон түүх соёлын үзэмжит бүс нутаг хэмээн дархалжээ.

Энэ уул нь Хятадын умард нутгийн аялал жуулчлалын нэрт газруудын нэг нь юм. Пань шань уулны байгалийн үзэмж нь “Y фэн ба ши” буюу Таван оргилт найман хад, “Саньпань чжи шэн” буюу Гурван бэрхийн гайхамшиг зэргээрээ онцлог байдаг юм. Гүа юе хэмээх ноён оргил нь далайн төвшнөөс 864,4 метр өргөгдсөн байдаг. Пань шань уулын энэхүү ноён оргил дээр Тан улсын үеийн Дао цзүн хэмээх их эрдэмт ламтны байгуулсан Дипамкара буюу Зулыг зохиогч бурханы шарилын суварга бий.

Пань шань уулын зэрэгцэн сүндэрлэх таван оргил, сонин хачин хад чулуунуудаас "Гурван бэрх"-ийн үзэмж бүрддэг. Шан пань буюу Дээд бэрхэд нь хөхрөн харагдах нарс, майлсны гайхамшиг, Чжүн пань буюу Дунд бэрхэд нь этгээд хачин ургаж тогтсон хадан цохионы гайхамшиг, Ся пань буюу Доод бэрхэд нь мөнхөд ундрах булаг горхийн гайхамшиг гэж бий. 

Пань шань уул нь Хань улсын үеэс судар бичигт тэмдэглэгдэн иржээ. Тан улсын үед энэ нутагт аялал жуулчлал маш их хөгжиж, Манж Чин улсын үед хамгийн дээд түвшиндээ хүрсэн байлаа. Вэй улс болон Цзинь улсын үеэс эхлэн, үе үеийн хаад Пань шань ууланд 72 сүм хийд, 13 суварга, Цзин цзи шань хэмээх хааны асар том нэг цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан байна. Мөн энэ нутагт босгосон “Эсрүүн ертөнцийн номын гайхамшиг” болон “Хувилгаан увдист орны үзэмж” нь энэ нутгийн үзэмжийг улам сайхан болгосон байна.

Манж Чин улсын тэнгэр тэтгэгч хаан энд зугаалаад, “Энэхүү өнөр баян Пань шан уулыг эрт мэдсэн бол Өмнө зүгийн Жян нань газраа зорчих юун билээ” хэмээн шогшрон өгүүлсэн гэдэг.

Пань шань уул нь эрт дээр үеэс эхлээд хаад язгууртнууд алжаал чилээгээ тайлж, аялан зугаацдаг газар байсан бөгөөд нэрт түшмэд, суут эрдэмтэдийн тухай үлгэр домог, тууль, шүлэг найраг, хууч яриа, хошин зохиол уламжлагдан үлджээ.

Асга хадат хавцал жалгаар нь хадны бичээс олон байдаг. Зуу шахам жилийн хугацаанд Пань шань уул ороо бусгаа цаг үеийг өнгөрүүлж, байгалийн төрх байдал нь ихээн эвдэгдсэн байв. Өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш, энэ нутаг төрийн дархан цаазат газар болж хөгжиж байна.

Өнөөдөр энэ нутгийн Рү шэн, Тянь чэн сүм, Вань сүн сүм, Юнь чжао зэрэг дөрвөн их үзэмжит районы гуч гаруй цэгийг жуулчдын баазтай болгоод байна.

Лай голын дусал хэмээх энэ бүс нутаг нь хур тундас ихтэй нутаг юм. Хавар намартаа голын усны түвшин бага байх үед хүрхрээний ус торгон хөшиг мэт гоёмсог харагдана. Салхинд хийсэх усан дуслууд нь нарны өнгөнд солонгрон харагдах нь үнэхээр сайхан.

Харин зун болмогц аянга нижигнэн усан шуурга хөдлөх байгалын хүчит давалгаа асгаран унах нь аварга том мөнгөн луу наадах мэт болно.