НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Чингисийн онгонд мөргөсөн тэмдэглэл

2015 оны 4-р сарын 1 өдөр

Энэ өдөр аав, ээж, эхнэрийн хамт Эрээн хотоос Чингисийн онгон руу аялалд гарлаа. Өглөөний 11 цагт бид Эрээн -Хөх хотын автобусанд сууж, орой 17 цаг 30 минутанд Хөх хотын авто вокзал дээр ирэв. Автобусны үнэ нэг хүн 95 юань. 

 

Хөх хотын автобус болон төмөр замын вокзал нь нэг дор байдаг. Энд би зарим нэг газар орны нэрийг хятадаар бичье. Дараа танд хэрэг болж магадгүй. Маргааш нь бид галт тэргээр Ордос хот (东胜市) явах байсан тул вокзалын ойролцоо Home Inn хэмээх сүлжээ буудалд буулаа. Хятадын аль ч хотод байдаг энэхүү сүлжээ буудлын VIP гишүүний карттай надад 179 юаний өрөөг 158 юанаар хямдруулж өглөө.

Биднийг ирэхэд Хөх хот зөөлөн шиврээ бороотой байлаа. Хотын худалдааны зах болон дэлгүүрүүдийг сонирхохоор гарсан боловч, 18 цаг болсон тул вокзалын ойролцоо орших дэлгүүрүүд хааж байсанд урам жаахан хугарсан. Өглөөнөөс хойш хоол идэлгүй явсан болохоор Монгол хүнд тохирчихоор хоолтой газар хайв. 

Тэгээд Mr.Lee –ийн гурилтай хоолны гуанзанд үхрийн махтай гурилтай хоол болон гуляш маягийн хоол захиалж, идлээ. Хоол их амттай байсныг энд тэмдэглэмээр байна. Ер нь Монгол хүн гурилтай хоолноос буцах биш дээ.  Бид буудалдаа ирж маргаашийнхаа аялалын төлөвлөгөөгөө хэлэлцээд, амрахаар хэвтсэн боловч нойр хүрсэнгүй. Аав ээж хоёрыгоо анх удаа холын аялалд дагуулж яваа болохоор сэтгэл их зовж байлаа. Холын замд бие нь өвдчихгүйхэн шиг л байгаасай гэж залбирч байв.

2015 оны 4-р сарын 2 өдөр

Энэ өглөө бид 7 цагт босч, Монголоос гарахдаа авч явсан чанасан махаа бэлэн гоймонгийн шөлөн дээр хийж идэв. Харин манай гурав аян замд гэдэс эвгүйрхэж магадгүй гээд багахан махтай “Хаан сүүтэй цай”-гаа ууцгаалаа. 

Төмөр замын вокзал дээр очиход, Ордос хот явах галт тэрэгний билет хангалттай байлаа. Би К691-р галт тэрэгний билетийг 41.5 юанаар худалдан авсан нь хамгийн эхний рейсийн галт тэрэг байлаа. 

Галт тэрэг Хөх хотын төв вокзалаас 9:34 -д хөдлөөд, Ордос хотын баруун вокзал хүртэл нийт 3 цаг 36 минут аялдаг юм байна. Замдаа Өвөр Монголын хоёр дахь том хот болох Бугат (包头市) хотоор дайрч, цаашид алдарт Шар мөрөнийг үзлээ. Хаврын улирал байсан болохоор Шар мөрөн нилээд татарсан байсан. Галт тэрэг Ордос хотод 13:10-д ирлээ.

Ордос хотод шинээр байгуулагдсан баруун вокзал нь их том. Гэвч эзгүй тал газар буусанд манай гурав гайхаж, “Буруу газар буучихав уу даа” гэж намайг зэмлэв. Гэвч галт тэрэгний хаалганы дээр байдаг LED гэрлэн самбар дээр 东胜西站 гэсэн үгийг харж байж буусан болохоор би өөртөө итгэлтэй байсан юм. Вокзалын хаалгаар гарахад, баахан Хятад жолооч нар урдаас угтаж, шулганалдацгаав. Тэдний зарим нь “Цагаан луйварчид” байдаг гэдгийг би сайн мэднэ. Иймд би цагдаагийн ажилтан дээр очиж:

- Уучлаарай, Бид гадаадын иргэд байна аа. Чингисийн онгон руу ямар автобусаар очих вэ? гэж асуухад тэр их уриалгахан зангаар:

- Эзэн хороо хошууны авто вокзал хүртэл 24 нойморын автобусаар яв. Дараа нь тэндээс таксигаар Чингисийн онгонд хүрнэ гэж зөвлөлөө. 

Энэ автобусанд суухад нэг хүн 3 юань байдаг. Урд хаалгаар орохдоо автобусны жолоочийн дэргэдэх хайрцаганд мөнгөө тааруулж хийнэ. Иймд задгай мөнгөтэй байх хэрэгтэй. Бүхэл мөнгөтэй бол автобусны жолооч хариулт өгөх эрхгүй. Би жолоочид Эзэн хороо хошууны авто вокзал (一旗汽车站) дээр бууна шүү гэдгээ хэллээ.  

Ер нь Хятадын гүн рүү хүмүүс нь Гадаадын хүнд туслахдаа уриалгахан дуртай байдаг. Бид 40 минут орчим явсаны дараа, жолооч бидэнд автобуснаас буухыг санууллаа. Автобуснаас буумагц, бас л баахан таксины жолооч нар биднийг тойрон бүчлээ. Бүгд л биднийг “Чингисийн онгон руу хүргээд өгье” гэж гуйна.  Гэвч миний хувьд аав, ээж, эхнэрийн хамт яваа болохоор “Ихээхэн хариуцлагатай хандах хэрэгтэй” гэж бодоод, жолооч нарыг тойруулан нилээд сайн ажиглалаа. Тэдний дунд нэг даруухан жолооч биднийг дуугүйхэн хараад зогсож байлаа. Бусад нь чанга чанга дуугаар биднийг ятгавч, би тэдний үгэнд орсонгүй. 

Шууд нөгөө жолооч дээр очоод, “Машин чинь хаана байна?” гэж асуугаад, машиных нь урд суудалд ороод суучихлаа. Харин манай гурав ч арын суудалд сууцгаав. Ихэд гайхсан жолооч миний зааврын дагуу машинаа асааж, Чингисийн онгоны зүг хөдөллөө. Замдаа жолооч надад талархал илэрхийлээд: 

- Уг нь миний оочер болоогүй байсан юм л даа. Чамтай ярьж байсан жолоочийн оочер байсан юм гэж хятад зангаараа тал засч байлаа.  Би ч гайгүй даруухан жолооч олсондоо сэтгэл ихэд хангалуун байсан юм. Ер нь Хятад газар аялж явахдаа их хянамгай байх нь илүүдэхгүй. Сайхан зантай, бялдууч дүр төрхний цаана жинхэнэ хулгайч луйварчид байдаг.

Бид Ордос хотын Эзэн хороо хошууны авто вокзалаас Чингисийн онгон хүртэл нэг цаг орчим л явсан. Ер нь энэ хооронд явдаг жолооч нар 50-100 юанаар явдаг юм байна. Бид дөрөв таксины жолоочид 80 юань өгөхөөр тохирсон. Энэ замд бид бас нэгэн гайхалтай зүйлтэй учирлаа.

Зураг дээр: Чингэсийн онгоны орчим нутаг

Чингисийн онгон байгуулсан нутаг 15 жилийн өмнө цөлжсөн элсэн манхан байсан бол одоо битүү ногоон шугуй болжээ. Хүний гараар өнгөө зассан өргөн уудам талыг бүрхсэн ой шугуйг бишрэхгүй байхын аргагүй. Байгаль дэлхийнхээ унаган төрхийг нь  өөрчлөн, гайхамшигт цэцэрлэгт хүрээлэн болгож чадсан Хятад хүмүүсээс сурах юм их байна даа! 

Бид 16 цагт Чингисийн онгон дээр ирж, шууд буудалдаа буув. Учир нь аав ээж хоёр маань хол замд ядарч байгаа тул сайхан амраах хэрэгтэй. Иймд Чингисийн онгон дээрээс зочид буудлын цогцолбор хүртэл 20 юанаар таксидаж очлоо. Энд хувийн такси үйлчилнэ. Гэвч олонхи нь Өвөр Монголчууд байдаг. 

Буудлын нэг өргөн ортой өрөө нь 80 юаний үнэтэй байв. Энэ бол хямдарчихаад байгаа үеийн буудлын тариф. Том өрөөтэй тохилог буудал байсан. Харин миний буусан буудлын эзэн-эзэгтэй Монгол улсаас ирсэн зочидод бол 150 юань болгон хямдруулна гэж байлаа. Эрхэм уншигч та Чингисийн онгонд очвол зураг дээр байгаа утсаар ярьж, бидний буусан буудалд өрөө захиалж болно. 

Үнэрхээд байвал “Буудлынхаа үнийг хямдруулна гэж энэ номын зохиогчид хэлсэн байсан шүү” гээд зургийг нь үзүүлээрэй. Би баримт болгож зургийг нь дарсан юм.

Бидний буудалласан Jinao Jiu dian (金奥酒店) буудалын эзэн Монгол бүсгүй найрсагаар угтлаа. Утас: 0477-8961661, 0477-8961662, 0477-8968000

Энд буудлын өрөө бүр WIFI –тай байсан тул, манайхан интернет ашиглан Wechat-аар гэр бүлийнхэнтэй холбогдож болно. 4-р сар гэдэг бол жуулчин багатай үе байдаг. Гэвч бүх үйлчилгээ нь явагдаж л байх бөгөөд ихээхэн хямдралтай байдаг юм байна. Харин 6-8 сард жуулчид их ирэх тул буудлын үнэ 200 юань болж өснө. Өндөр үнэтэй буудлуудаас гадна, гэр зочид буудлууд бас байдаг. Тэр буудлууд нь хямд үнэтэй боловч дотроо 00-ийн өрөө, халуун усгүй байдаг. Буудлын орчимд дэлгүүр, зоогийн газар их байх бөгөөд тав тухтай сайхан амрах нөхцлийг бүрэн бүрдүүлсэн байсан. Монгол зан үйл соёлын холбогдолтой бэлэг дурсгалын зүйлс их байх бөгөөд санаа аваад хийчэхмээр зүйл их байлаа.

Эртний эдлэл сонирхдог аавын минь хувьд дэлгүүрийн бараа зөвхөн жуулчдын нүд хужирлах хийцтэй байсан тул түүнд дурсгал болгоод авчих юм харагдсангүй. 

Энд маш олон янзын амталгаатай борцыг жижигхэн уутанд боогоод чихэр шиг худалдаж байлаа. Аян замд явж байгаа Монголчууд бидний хувьд амны зугаа болохоор амт сайтай байсан.

Бас нэг анхаарал татсан зүйл бол Монгол, Хятад архийг үндэсний уламжлалтай саванд хийгээд худалдаалж байв. Энэ ч яах вэ! Өвөр Монголын аль ч хотод очсон байдаг л зүйл. Миний хувьд нэгэн шинэ бизнес санаа төрсөн. Цагаан идээг боловсруулсан нь шинэ санаа төрүүлэхүйц санагдаж байлаа. Яг чихэр шиг цаасан боодолтой ааруулууд нь Монгол айлын тавгийн идээ засахад тохирохоор харагдана. Манайд хэрэгжүүлж болох л санаа байсан. Гэвч Өвөр Монголд шимийн архи хийдэггүй болохоор аарц гэдэг нүдний гэм.

Тийм болохоор тэд цагаан идээгээ хуурай сүүгээр хийдэг. Манай Монгол ааруул шиг тос даасан исгэлэн амт гэж байхгүй. Хамгийн гол нь нүдэнд харагдах гадаад үзэмж, сайхан савалгаа нь Монголдоо хэрэгжүүлж болох бизнес санаа байсныг энд дурьдмаар байна.

Буудлын хажууд Монгол гэрийн үйлдвэр байх юм. Тэд хялбар аргаар гэр үйлдвэрлэж байсан. Хятадууд Монгол гэрийн орчин цагийн техник, технологи ашиглан, зөөврийн авсаархан сууц үйлдвэрлэж байгаа нь миний анхаарлыг татсан юм. Хана, багана, тооно, унийг орчин цагийн инженерийн ухаанаар боловсронгуй болгон үйлдвэрлэж байгааг нь хараад атаархах, гайхах сэтгэгдэл төрж байлаа. Монгол гэрийн модыг төмрөөр орлуулан хийж болдог л юм байна.

Нүүж суухад л жаахан төвөгтэй боловч хийхэд маш амархан. Өөрийн өртөг нь ч бага байж магадгүй. Хүний анхаарал татахаар хэлбэр дүрстэй болгож, шинэлэг загварын Монгол гэр хийгээд, жуулчны баазуудад нийлүүлж болмоор юм уу гэсэн бас нэгэн шинэ бизнес санаа эндээс төрлөө. 

Бид буудалдаа орж, аян замын алжаалаа түр тайлаад, хоол идэхээр гарлаа. Буудлын хажууд Монгол урлал бүхий бэлэг дурсгалын дэлгүүр, Монгол-Хятад хоолны ресторан, жижиг зоогийн газрууд их бий. 

Буудлын ойролцоо Мөнгөнхуар гэгч хижээл насны эмэгтэйн эрхлэн явуулдаг Монгол зоогийн газар оройн хоол идлээ. Цэсэн дээрээ хоолны зураг нь байсан болохоор хоолны сонголтонд нэг их хүндрэл учирсангүй. Тэднийд үхрийн чанасан нуруу, төмстэй үхрийн махан хуурга, шөлгүй хуйцай, наашаа цаашаа, бууз, банш гээд л бидний мэддэг хоол зөндөө байсан.

Бид 3 төрлийн хоол захиалахад 153 юань болов. Жуулчны хороолол болохоор хоолнууд нь жаахан үнэтэй санагдсан ч амт нь сайтай байсан. Бууз нь манай Улаанбаатарын бууз шиг өөх мах нь алагласан шүүс сайтай байлаа.Зоогийн газрын эзэн бидэнд 2 ширхэг еэвэн, 4 ширхэг сүлжмэл боорцог бэлгэнд өгсөн. Ер нь энэ газар Монгол хүн идчихээр хоол их байв. 

Бүх үйлчилгээний газрын эзэд нь Өвөр Монголчууд тул бидэнд хэлний гачигдал үүссэнгүй.

2015 оны 4-р сарын 3 өдөр

Энэ өдөр өглөөний 8 цагт босоцгоолоо.  Бид зоогийн газраас халуун ус авч, аяны богцондоо байсан махаа “хаан сүүтэй цай”-нд хийж, өглөөний зоог барилаа.  Чингисийн онгон 9 цагт ажил нь эхлэх байсан тул буудлаасаа яаран гарлаа. Буудлаас Чингисийн онгон хүртэл 20 юанаар таксидав. 

Үндсэндээ 3км орчим газар зүгээр тохиролцооогоор л явдаг юм байна. Эндэхийн хувийн таксинууд голдуу Өвөр Монгол жолоочтой юм шиг санагдсан.

Буудлын ойролцоо ийм нэг сүрлэг хөшөө байх бөгөөд энэ нь 8 шарга морьтой Тэмүүжингийн хөшөө бололтой. Чингисийн онгоны орчуулагч тайлбарлагчийн үйлчилгээг авч болно. Монгол, Хятад, Англи, Япон, Солонгос хэлний замч нар бий.

Бид явсаар Чингисийн онгонд энэ хаалгаар орлоо. Чингисийн онгон дээр очоод, “Бид Монголчууд байна. Эзэн Богдод мөргөхөөр ирлээ” гэвэл үнэгүй оруулдаг. Харин Хятад хүмүүс 100 юань гэсэн.

Онгоны үйлчилгээний албан байр гэж байх бөгөөд бид тэндээс тайлбарлагч авч болохыг мэдсэнгүй. +86-477-8961222 гэсэн лавлах товчоо энд ажиллах бөгөөд Өвөр Монголчууд ажилладаг юм байна. 

Бид м урт өгсдөг шатаар өгсөж, Онгоны өргөөнд ирлээ. Үнэхээр сайхан, бахархмаар цогцолбор. Чингисийн онгоны их хаалга. Энэ хаалганаас цааш, Эзэн богдын онгоны их хүндэтгэлийн талбайд нэвтэрнэ.

Чингисийн онгон руу ороход том талбай байх бөгөөд талбайн голд Чингис хааны морьтой хөшөө сүрлэг харагдана.

Монголчууд өвөг дээдсийнхээ онгоныг тахихад Буддын шашины цөгцтэй зул хэрэглэж байсан юм болов уу? гэсэн асуултыг өөртөө тавьлаа. Онгоны төв асар нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд дотор нь маш сайхан. Энэ тухай нуршилгүй үлдээмээр санагдаж байна. Чингэсийн онгоны орчин тойронд чулуун самбарууд их байх бөгөөд дээр нь Хятад, Монгол, Англи хэлээр Эзэн Чингисийн тухай болон Монголчуудын зан үйл, түүхийн тухай бичсэн байв.

Төв асрын өмнө талд ийм нэг хоёр тэрэгчиний баримал байх бөгөөд ирсэн хүмүүст тухайн үеийн язгууртнуудын ямбаны тэрэг гэдгийг харуулна.

Яг л кинон дээр Хааны хатад ийм тэргэнд ямбалж байсныг санагдуулна.

Төв асрын баруун талд байрлах том өргөөнд Монголын түүхийн бэлэг дурсгал, худалдана.

Онгоны баруун талбайд байрлах Монгол цэргийн Есөн тахилгат хар сүлд.

Энэ байшинд тухайн үеийн Монголчуудын тахилга үйлдэх гэрийн жижигрүүлсэн хувилбарыг байрлуулсан байлаа. Онгоны хашаан дотор мод болон төрөл бүрийн цэцгийн мандал, сүүдрэвч зэргийг байгуулсан нь ирсэн зочидын тав тухыг хангана.

Сүүдрэвчийн эргэн тойронд Эзэн богдын минь төрсөн нутагт элбэг тааралдах нарс, хар мод зэрэг модыг битүү тарьж ургуулсан байлаа. 

Жуулчидын тав тухыг хангах тал тал дээр их бодолцож хийсэн боловч хөл амраах сандал цөөхөн байлаа. Үүнийг эс тооцвол Чингисийн онгоны цогцолборыг маш сонирхолтой болгож чадсан байв. Ямар ч байсан Монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэгдэл их үлдсэн.

Эрт цагаас уул усаа тахин мөргөж байсан Монголчуудын зан үйлийн илэрхийлэл болгон “Алтан Гандир Овоо”-г Онгоны Зүүн урд талд хүндэтгэлтэйгээр байрлуулжээ. “Алтан гандир овоо”-г Эзэн богд Чингис хааны уул усандаа тахилга өргөж байсан овоо нь гэж тайлбарлах болоовч Мөнх Тэнгэрийн овоо тахилга гэхэд арай биш мэт санагдсан. Харин шарын шашины уламжлалаар тахилга үйлддэг овоо мэт харагдсан.

Чингисийн онгоныг сайн үзэж сонирхоё гэвэл нэг бүтэн өдөр байхад хангалтай. Бид өглөө үүдээ нээхэд нь орсон боловч үдийн 17 цаг гэхэд бараг бүгдийг нь үзэж дууссан. 

Үдээс хойш нь Онгоноос 3км хир зайтай бас нэг аялал жуулчлалын цогцолбор руу очив. Гэвч тэнд Морьтой баатруудын хөшөө байдаг гэхээр нь сонирхол төрсөнгүй. Чингэсийн онгон дээр хоолох газар харагдаагүй. Бид 3 цаг болоход гэнэт их өлссөнөө мэдэрцгээсэн.

Ер нь энэ нутгийн Өвөр Монголчууд өөрсдийгөө Дархад Монголчууд гэх бөгөөд тэр нь Эзэн богдын онгоныг дархлан хамгаалахаар үлдсэн хүмүүсийн үр сад гэж тайлбарладаг. Харин Дархад Монгол аялгууг сонсоход жаахан түвэгтэй байсан ч бид тэдний яриаг нь бүрэн ойлгож байлаа. Тэдний зарим нэг үг хэллэг нь бидний инээдийг хүргэж байлаа. Тухайлбал,

Гэрлийн утас шатчихсан байна - Дэнгийн утас нь ноцчихсон байна,
Такси – Гүйдэг тэрэг,
Тараг – айраг,
Энхтайван гуай – Энхтайван авгай,
Хөшөө - шуумал,
Зочид буудал – Зочидын хоноглох газар гэх мэт. Бодоод байхад нэг их зөрүүгүй л байсан л даа. 

Дээрхи үгийг анх сонссон хүнд утгагүй мэт боловч, хугацаа өнгөрсөний дараа тэр нь надад огт анзаарагдахаа байсан. Бид Чингисийн онгоноос Эзэн хороо хошууны авто вокзал хүртэл, өглөө нь онгон хүргэсэн жолоочийн машинаар буцав.  Харин нөгөө жолооч маань Монгол хүн үзэхээрээ, бяцхан луйвардах санаа гаргаж 120 юань гэдэг байгаа. Хятад жолооч нар 80 юанаар хүргэж өгч байхад харин Өвөр Монголчууд арай илүү мөнгө нэхэж байгаа нь харамсалтай санагдаж байлаа.

Бид 4 Эзэн хороо хошуунаас Дүншин хот руу автобусаар бас л 30 мин хиртэй 12 юань төлж явлаа. Нэг хүн 3 юань. Дүншин хотын баруун вокзалаас галт тэрэгэнд сууж, оройхон Хөх хотод ирэв.