НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


 

Мянга мянган жилийн тэртээгээс “Зөв хоололт гэдэг бол урт удаан наслахын үндэс” хэмээн Хятадын уламжлалт анагаах ухаанд номлосоор иржээ.

Хоолны дэглэм барих уу? Эсвэл хүссэнээрээ идэх үү? гэсэн хоёр асуултанд хариулах гэж олон эмч, домч нар маргасаар иржээ. Эдгээр асуултанд Хятадын гүн ухаан өөрийн гэсэн тайлбартай байдаг.

“Өвчин гэдэг буруу хоололт, идэвхигүй байдлаас шалтгаалж үүсдэг” хэмээн Хятад эмч нар үздэг. Сэтгэл санааны доройтол, буруу зуршил, тайван бус амьдрал, айдас, атаа жөтөө, горьдлого тасрах зэрэг амьдралын хэвийн бус үзэгдлүүд өвчин үүсгэх гол шалтгаан болно.

Иймд хүн өөрийнхөө хоол тэжээлд анхаарал тавьж, сэтгэлийн түгшүүргүй амьдрах хэрэгтэй юм.

Хорьдугаар зуун хүний хоол хүнсний найрлаганд их өөрчлөлт авчирсан билээ. “Эдүгээ хүн төрлөхтөн хоолыг болгож иддэг болсон цагаас хойш байгалаас заяасан хир хэмжээнээсээ хоёр дахин их хоол идэж байна. ” гэж Б. Франклин сургасан байдаг. Энэ сургааль туйлын үнэн бөгөөд үүнийг Хятадын анагаах ухаан хэдэн мянган жилийн өмнө нотлон эрүүл амьдрах ёс хэмээн сургасаар ирсэн байна.

Дорно дахины гүн ухаанд номлосоноор хүний хоол тэжээлийг хэд хэдэн хэлбэрт хуваан үздэг. Үүнд:

1. Цэвэр хоол тэжээл: Сүү, самар, цэвэр тос, жимс, хүнсний ногоо, амуу будаа

2. Албадмал хоол тэжээл: Мах, өндөг, загас, халуун хоол, амтлагч, алкоголь

3. Бохир хоол тэжээл: Хугацаа хэтэрсэн хүнс

Орчин үед хүмүүс албадмал хоол тэжээл их хэрэглэж байна. Үүнээс шалтгаалан хүний бие бялдрын болон сэтгэл зүйн хямрал үүсч, амьдралын хэвийн бус дэглэмээр амьдарч байна. Үүний үр дүнд бухимдал бий болж, дотор эрхтэнүүд хямралд өртөн өвчин эмгэгийг хүлээн авах доройтолд орох ба эмзэг биетэн болж хувирдаг.

Хүний биеийн эрүүл мэндийг тогтвортой байлгахад арга билэг хоёр нь тэнцвэртэй байх ёстой бөгөөд нэг нь ихэдвэл нөгөө нь хорогдож, өвчин эмгэгт өртөж, тамир муудна. Ийм учраас Хятадын уламжлалт анагаах ухааны номлогчид, хоол тэжээлийг хоёр хэсэг болгон хувааж, арга билгийн тэнцвэрийг тогтворжуулдаг.

China-med009.png

«Билэг» хоол тэжээл: ус, давс, тараг, лууван, өргөст хэмх, шийгуа, усан үзэм, хаш, хулуу, байцаа, улаан лооль, загас, гахайн мах, мөөг, шпинат, баклажан, кабачок, самар . . .

«Арга» хоол тэжээл: чихэр, хар ба ногоон цай, өндөг, хонины мах, үхрийн мах, тахиан мах, туулайн мах, нугасны мах, сагаг, гоймон, будаа, гурил, төмс, сонгино, сармис, банан, лийр . . .

Хоол тэжээлийн арга билгийн системийн ойлголтыг бүрэн авахын тулд Гал, Ус, Төмөр, Мод, Шороо хэмээх таван махбодийг сайн мэдэх хэрэгтэй.

“Бүх орчлон дэлхийн хүний бие энэ таван махбодиос бүрддэг” хэмээн Хятадын гүн ухаанд сургадаг. Эдгээр махбодь нь хүний биеийн эрхтэнд оршиж байдаг бөгөөд Гал – зүрх, нарийн гэдсэнд, Ус – бөөр, давсаганд, Төмөр – уушиг ба бүдүүн гэдсэнд, Мод – Элэг цөсөнд, Шороо – дэлүү, ходоодонд оршино гэж номложээ.

Таван мах бодь нь өөрийн гэсэн тойрогоор байрлах ба

•Ус галыг унтраана.

•Гал төмрийг хайлуулна.

•Төмөр модыг огтлоно.

•Мод шороон дээр ургана.

•Шороо усыг шингээнэ хэмээн тойргийг зурж, харилцан шүтэлцээг нь тайлбарласан байна.

Энэ онолын дагуу хүний бие организм харилцан шүтэлцээтэйгээр бие биенээ хянаж байдаг бөгөөд аль нэгэн организм нь өвчинд нэрвэгдвэл ямар хоол сонгохыг зөвлөдөг.

diet 02.jpg

Таван элемент ба түүнд шүтэлцэх хоол тэжээлүүд:

- Гал (имбирь, энэтхэгийн кари, шарсан мах, эрдэнэ шиш, улаан сэвэг, наран цэцгийн самар, фисташки мод, улаан лооль, чихрийн манжин, багваахай цэцгийн үндэс, улаан чинжүү, интоор)

- Шороо (зэгс, арвай, вандуй, хулууны үр, байцаа, шанцай, чангаанз, шанц, лууван, бууцай, инжир, жүрж, папай мод, хан борогцой, гүзээлзгэнэ, мах)

- Төмөр (будаа, буурцгийн шош, бүйлс, хэрээний нүд, цэцэгт байцаа, шанцай, өргөст хэмх, сонгино, улаан лууван)

- Ус (сагаг, хар шош, грек самар, мөөг, анар, бөөрөлзгөнө, тарвас, бяслаг)

- Мод (овьёос, улаан буудай, хөх тариа, ногоон сэвэг зарам, мөнх ногоон бут, ногоон чинжүү, салат, хулуу, лийр, усан үзэм, нимбэг, далдуу мод, чавга)

Ямар нэгэн эрхтэн өвдсөн тохиолдолд таван мах бодийн шүтэлцэх хоол тэжээлийг сонгон иднэ. Жишээ нь:

Багтраа өвчинтэй хүний уушиг өвчилсөн байна хэмээн үзэж, төмөр мах бодитой хоол тэжээл илүү тохирно гэж үздэг.

diet 05.jpg

Хоол тэжээл нь мөн улиралаас ихээхэн хамааралтай байдаг. Зуны улирал халуун байдаг тул сэрүүн чанарын хоол их хэрэглэдэг бол өвлийн улирал хүйтэн байдаг тул халуун чанарын хоол унд хэрэглэнэ.

Таван махбодийн системийн хоол тэжээлийг цагаан хоолтой хутган ойлгож болохгүй нь мэдээж. Хятадын гүн ухааны номлолоор хоол тэжээлд хатуу дэглэм тавьдаггүй.

Идээ ундааны дэглэм, амьдралын хэв маягаа өөрийнхөө бие махбодийн онцлогт тохируулж чадах юм бол та бусдаас илүү эрүүл энх амьдарч, урт удаан наслах болно. Энэ бол ямар ч эмчилгээнээс илүү шалгарсан арга юм.

sunsimiao.jpg

Зураг дээр: Тан улсын үеийн нэрт эмийн эрдэмтэн Сүнь Симяо

Ер нь хоол, эм хоёрыг уялдуулах уламжлал эртний Жөү улсын үе буюу МЭӨ 1046—256 онд бий болжээ. Эртний ном сударт хоолны эмчилгээний тухай ном зохиол маш их байдгийн нэг нь Тан улсын үеийн нэрт эмийн эрдэмтэн Сүнь Симяогийн (МЭ 540-682он) “Мянган алтан жор” болон “Мянган алтан бэсрэг жор” хэмээх хоёр номонд тусгайлан өгүүлж, эртний хоолны эм зүйн талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн байна.

Энэ номонд Эмч өвчин үүссэн шалтгааныг тогтоосны дараа хоолоор эмчлэх ёстой. Тэгээд үр дүн гарахгүй бол эмээр эмчилж болно гэж бичжээ.

Сүнь Симяо өөрөө 142 насалсан болохоор түүний хоолны эмчилгээний болон урт наслах онолыг хүмүүс маш итгэн биширч хүлээн авсан байна.

diet.jpg

Зураг дээр: Хамгийн тэжээллэг хүнсний ногоо болон ургамалууд

Ингээд хоолны эмчилгээ болон эмтэй хоол нь Хятадын ард түмний дотор өргөн дэлгэрсэн эрүүл мэндийн арга хэлбэр болоод байна. Хоолны эмчилгээ нь Хятад улсад маш өргөн хэрэглэгдсээр байдгийн нэг жишээ нь:

Ханиад хүрвэл нойтон гаа хэрчиж сонгино хийж чанаад бурам хийж халуунаар нь уулгаж хөлс гаргавал ханиад дарагдана.

Хятадууд “Өглөө босохдоо гаа идэж, унтахдаа лууван ид” гэж хэлдэг. Давс, цуу, гаа, сонгино, сармис зэрэг амтлагч нь цөмөөрөө эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүмүүс янз янзаар ашигладаг юм. Хятадын өмнөд муж болох Гуан дун мужид хүмүүс хоолондоо эмийн ургамал хийн идэж өвчин эмгэгээ засдаг аргыг өргөн хэрэглэж байна.

Хэдэн мянган зүйлийн цэцэгсийн дотор Хятадын умард нутагт хоолонд хэрэглэж болох цэцэг 100 гаруй төрөл байдаг бол дулаан бүсийн өмнөд нутагт бараг 260 гаруй төрөл бий гэлцдэг.

Цэцэг нь олон төрлийн өвчинд сайн бөгөөд эмэгтэй хүнд бол бүр сайн байдаг. Жишээлбэл:

Сарнай цэцэг нь эмэгтэй хүний цусыг төлжүүлэн, сарын тэмдгийг тэгшилж, зүс царайг гоо үзэсгэлэнтэй болгоно. Тоор цэцгийг загас, амьд сам хорхойтой чанаж идвэл цус нөхөж, дэлүү ходоодыг эмчилнэ.

Мөн Хятадын “Удвал цэцгийн архи”, “жүржийн хальстай цай” зэрэг нь гадаадад экспортлодог гол нэрийн бараа болсон байна.

Сүүлийн үед шинжлэх ухаан технологийн хөгжлийг дагаад Хятадад хүний эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй шимт бодис агуулсан тэжээлийн бэлдмэлийг зах зээлд нийлүүлж байгаа нь олны талархалыг их хүлээж байна.

diet 06.jpg

Зураг дээр: Тэжээлийн бодис, витаминаар баялаг бэлдмэл