НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Ах дүүсээ тэжээх гэж амиа золин амьдардаг өгөөмөр чоно шиг хүмүүс бидний дунд их байдаг. Тэр хичнээн том ан агнасан ч олзонд дуртай ах дүүс нь ирээд, ханаж цадахгүй хуваагаад идчихнэ. Гэвч “Эдгээр өлөн чоныг зөв удирдвал, том анг хялбархан агнаж чаддаг!” чоны хуулийг амьдралаараа нотолсон тэрбумтан Лю Юншиний түүхийг толилуулъя.

“Би ах дүү олуулаа байсан тул баян тансаг амьдралтай болсон” гэж Лю Юншин ярьдаг. 

Хүн ямар ирээдүйг мөрөөдөж байна, тийм л ирээдүй түүнийг тосдог. Тэрээр гэр бүлийнхээ хамтарсан бизнесийг толгойлон, бүгдийг нь хөрөнгийн эзэн болгож чадсан юм.  Лю Юншин “Хэн хамгийн их үүрэг гүйцэтгэнэ. Тэр хэмжээгээрээ хувь хүртэнэ” гэсэн шудрага хуулийг гэр бүлийнхээ хүрээнд тогтоожээ.

Юншин (刘永行) 1948 онд Сычуань мужид ядуу тариачны гэрт төржээ. Ах дүү дөрвүүлээ байсан бөгөөд айлын 2-р хүү нь байлаа.

Түүний ах дүү нар бүгд боловсрол муутай хөдөөний эрчүүд байв. 

Гагцхүү тэрээр хотод сургууль төгссөн, боловсрол сайтай, түргэн сэтгэдэг сэргэлэн хүү байсан юм. 

Лю Юншин хотод амьдрал залгуулахын тулд, зах дээр цагаар дугуй түрээслэх ажил хийдэг байв. 

Энэ түүний бизнесийн анхны гараа байсан бөгөөд мөнгөний үнэ цэнийг мэдрэх алтан түлхүүрийг гардуулсан “Амьдралын их сургууль” нь билээ.

Зураг дээр: “Hope Group”-ийг байгуулж, Захиралуудын Зөвлөлийн Даргаар Лю Юншин

Удалгүй Юншин 1000 юаньтай болмогцоо төрөлх тосгондоо эргэн ирж, ах дүү нартайгаа хамтарч, тахиа үржүүлэх фермерийн аж ахуйн эрхлэхээр шийдсэн боловч үр ашиг бага болох нь тодорхой болов. 

Иймд 1986 онд Юншин ах дүү нарын хамт “Тахианы тэжээл судлах төв” байгуулан, түүнийгээ “Итгэл” хэмээн нэрлэжээ.

 Ах дүүс хоёр жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд тахианы өсөлт хөгжилтийг түргэсгэж чадах тэжээл хийсэн байна.

Энэхүү гайхамшигт оюуны хөрөнгө оруулалтыг хаанаас олов?

Энэ ажлын судалгааг хийхэд, эрдэм шинжилгээний мэргэжлийн ажилтны туслалцаа хэрэгтэй байсан тул Их сургуулийн багш нартай холбоо тогтоон, тэдний эрдэм шинжилгээний ажлыг нь практик амьдрал дээр туршиж өгдөг байлаа. Энэ тэдний олсон оюуны том хөрөнгө оруулалт!

Багаасаа ядуу зүдүү өссөн ах дүү дөрөв дээд сургуулийн боловсрол үгүй ч, ажилсаг залуус байсан тул Их сургуулийн эрдэмтэн багш нар тэдэнд итгэл хүлээлгэсэн юм.

Тэд шинээр хийсэн тэжээлээ үйлдвэрлээд худалдвал, тахиа тэжээснээс илүү их үр ашигтай болохыг нь ойлгож, тэжээлийн үйлдвэр байгуулжээ.

Ургац хураалтын үеэр хангалттай түүхий эд худалдан авч, тэжээлээ үйлдвэрлэнэ. Зах зээлийн аясаар тэжээл үнэтэй болох үед нь борлуулалтаа хийдэг байв. 

Тэдний хийсэн тэжээл нь удаан хадгалахад чанараа алддаггүй байсан тул ах дүүсийн ашиг орлого нь улам өсөн нэмэгджээ.

Гэвч “Сайны хажуугаар садаа” гэгчээр тэдэнтэй өрсөлдөгч компаниуд ар араасаа төрөн гарч ирэв. Юншин энэ байдалд дүгнэлт хийж, ах дүү нартаа нэн хачирхалтай санал дэвшүүлсэн байна. Тэрээр:

- Маргааш дөрвүүлээ тосгоны төв талбай дээр хоорондоо зодолдож, тангараг тасрах хэрэгтэй байна гэв. Түүний солиотой юм шиг энэ санал ах дүү нарыг нь цочирдуулж, бүгд эрс эсэргүүцжээ. 

- Араас олон арван өрсөлдөгч гарч ирээд байхад яахаараа бид тангараг тасарч, олны өмнө булайгаа дэлгэх хэрэгтэй юм бэ? том ах нь асууж гэнэ. Юншин хариуд нь:

- Бизнес гэдэг бол тулааны талбар. Бид өнгөн дээрээ тангараг тасарсан ах дүүс мэт харагдавч, цаанаа сүрэг чоно мэт эвтэй байх хэрэгтэй. Өнөөдрийн алдсан цаг, маргаашийн асгарах нулимс болно гэдгийг сана гэж хэлэв.

Юншиний бизнесийн стратегийн бодлогыг хэн нь ч тайлж чадсангүй. Иймд Юншин бүх нарийн учирыг ах дүү нартаа тайлбарлан, нууцыг чандлан хадгалахыг тушаасан байна.

Тэрээр “Тангараг тасрах хэлбэрээр зах зээлийн сигментийг бүрэн эзэлж авах” шинэ маягийн тактик боловсруулсан байжээ. 

- Бидэнд шинэ технологоор сайн чанарын тэжээл хийх боломж бий. Гэвч бидэнд маш олон дайсан саад болж байгааг та нар харж байгаа биз дээ. Иймд тэднийг устгахын тулд бид тангараг тасрах хэрэгтэй. Та нар бүгд миний зааврын дагуу өрсөлдөгч нарыг нэг нэгээр нь өөртөө элсүүл. Тэднийг өөрсдийнхөө гар хөл болгох нь хамгийн чухал. 

Бид дөрөв өөр хоорондоо идэшээ булаалдах 4 сүрэг чоно мэт ширүүн тулаан өрнүүлнэ. Тулаанд нэг нь ялж, нөгөө нь ялагдах жамтай. Энэ бол ах дүүгийн тангараг тасарч байгаа мэт төөрөгдүүлэн, чонын тулаанд ялах тактик юм гэжээ.

Тэд гаднаас нь харахад өрсөлдөгч мэт байвч, маш нарийн нягт холбоотой ажиллаж байлаа. Зах зээлийг бүрэн эзлэхийн тулд, өрсөлдөгч нараа хуваан авч, хоорондоо тулаан хийх бодлогыг зөв хэрэгжүүлж байсан нь Лю Юншиний чадварлаг удирдлага байсан юм.

Ах дүү нар нь Юншиний тактикаар тахианы тэжээл үйлдвэрлэгч нарыг хайр найргүй дампууруулж, зах зээлийн сигментийг нэг жилийн дараа бүрэн эзэлж авав. 

Тулаанд том ах нь ялалт байгуулж, бусад нь хуурамчаар дампуурсан гэнэ.

Ах дүүс бүгд өөр өөрийн компанитай байсан бөгөөд тэжээлийн зах зээлийг дөрөв хуваан эзэгнэсэн байна. 1991 онд ах дүү дөрвөн “Чоно” эргэн эвлэрсэн мэтээр компаниудаа нэгтгэн, “Hope Group”-ийг байгуулж, Захиралуудын Зөвлөлийн Даргаар Лю Юншинийг сонгожээ. 

1995 онд ах дүүсийн групп компани 10 сая юаний ашигтай ажиллаж, орлого геометрийн прогрессоор өсч эхлэв. 

2000 онд Лю Forbes сэтгүүлийн “Тэрбумтан” жагсаалтанд орж, түүний хөрөнгө 121 сая юань байсан бол есөн жилийн дараа түүний хөрөнгө 25 дахин өсч, 3 миллиард доллорын хөрөнгөтэй болжээ. 

Тэжээлийн үйлдвэр Монголд хэрэгтэй юу?

Зарим хүмүүс бэлчээрийн мал аж ахуй хөгжсөн Монгол оронд тэжээлийн үйлдвэр хэрэггүй гэж ярьдаг. Би эсрэгээр нь тэжээлийн үйлдвэр хэрэгтэй гэж хэлмээр байна. Энд би хэд хэдэн жишээ татья. Үүнд:

1. Төмс байцаа тарьж, сумынхаа хоёр гуравхан мянган хүний хэрэгцээг хангах гэж шаналж байхын оронд хоёр гурван зуун мянган малдаа зориулсан тэжээлийн ургамал тарьвал ашиг унац арвин болно.

2. Улаанбаатарын гурилын үйлдвэрүүд малын тэжээл үйлдвэрлэдэг. Гэвч тэдний үйлдвэрлэсэн малын тэжээл бол тийм ч сайн тэжээл биш гэдгийг малчид мэднэ. Аргагүйн эрхэнд өлссөн мал л иддэг тэжээл. 

Гэвч тэр нь маш өндөр үнэтэй бөгөөд хүрэлцээ муутай.

3. Монголд байгаа тахианы аж ахуйнууд бүгд л Хятадаас тахианы тэжээл худалдан авдаг. Тэд Эрээн хотын нэгэн компаниас Хөх хотод үйлдвэрлэсэн өндөглөгч тахианы тэжээлийг 3200 юань/тонн гэсэн үнээр худалдан авдаг гэж би сонссон. 

Тахиа бол маш идэмхий амьтан. Тахианы аж ахуйн эздийн сэтгэлийг хамгийн их зовоодог зүйл бол тэжээл юм.

4. Улаанбаатарын хятад рестораны эзэн Монголын гахайны мах амт муутай байдаг гэж ярьж байсныг би сонссон. Учрыг нь асуувал Монголын гахайн аж ахуйнууд гахайгаа зоогийн газрын хаягдлаар тэжээж байхад, яаж амттай байх билээ дээ гэж байсан.

5. Социализмийн үед Хэнтий аймгийн Хэрлэн баян -Улаан, Архангай аймгийн Төвшрүүлэх гэх зэрэг том том тэжээлийн аж ахуйнууд байсан. 

Одоо тэд бүгд устаж үгүй болсон. Эдгээр аж ахуйнууд Улсын өвс, тэжээлийн фондыг бүрдүүлдэг байсан. Тэр үеийн мал зуднаас айдаг, одоогийн мал айхаа байчихсан гэж үү?  

Тэр үед 25 сая малтай байсан бол одоо 60 сая хүрээд байна шүү дээ. 

Монгол шиг мал аж ахуйн оронд тэжээлийн үйлдвэр үр ашигтай салбарын нэг гэж бодогдоно.

Гуравхан сая хүнээ тансаглуулъя гэвэл 60 сая малынхаа тэжээлийг бэлтгэчихээд, Австрали, Шинэ Зеланд шиг Эрчимжсэн малын фермд бордсон махаа экспорлож болно.

"Мөнгө босгох мянган санаа" номын маань нийтлэл