НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: ≈18000 доллор

Эдгээр машин нь зам, барилга, уурхайд ашиглаж болох 25-60 тонны даацтай машинууд юм. Техникийн нөхцөл болон үйлдвэрлэсэн оны хувьд харьцангүй шинэ. Бүгд 2 хоногын дотор Эрээн хотод ирж чадна.

Лианшаны хуучин машины цуглаан

Энэ үгийг сонсоод би анх Лианшань хотыг зорьж билээ. Хятадын Sinotruk үйлдвэрийн HOWO чирэгч машин худалдан авах зориогоор Шандүнь мужын Жинань хотоос автобусаар үдээс хойш 4 цагийн орчимд хөдөллөө. Хот хооронд явдаг жирийн автобусанд тасалбар аваад 5-6 цаг яваад, Лианшань хотод ирэхэд нэгэнт орой болсон тул зочид буудалд буугаад, өглөө нь хотоос 15 км орчим зайтай байдаг машины зах дээр ирлээ.
Зам дагаад маш олон том том зах байх бөгөөд дотор нь Хятадын бүх төрлийн хүнд даацын машинууд эгнэн зогссон нь яг л манай Улаанбаатарын “Да хүрээ” захыг санагдуулна. Эхнээс эхлээд маш нямбай үзэх санаатай хамгийн эхний захын үүдэнд буулаа. Таксины жолооч 20 юань төлөх газар 80 юань нэхэж анхны бухимдал үүсгэдэг юм байна. Арга буюу анх суухдаа хөлсөө тохироогүй суусан болохоор 60 юань өгч арай хийж салав.
Өдөржин хэслээ. Сайн машин байх боловч үнэ нь миний санасанаас өндөр байсан тул цаашаа яваад л байлаа. Лианшаны автомашины зах дээр өдөрт 2000 гаруй машин борлогдож байдаг бөгөөд голдуу HOWO, AUMAN, DONGFENG, FAW брэндийн машин их байдаг юм байна. Харин NOTHBENZ их ховор харагдах бөгөөд байсан ч тийм ч сайн машин ердөө тааралдаагүй. Ер нь их төрөлжсөн зах юм байна билээ. Чирэгч машины, ачааны, самосвалын гэх мэт захууд нь тус тусдаа байдаг.
Өглөө нь буудлын цайны газар идсэн хоол хаашаа шингэсэнийг мэдэхгүй. Олон өдөр хоол идээгүй мэт гэдэс хонхолзож эхэллээ. Нэгэн жижиг хоолны газар ороод хоол захиалж идэх гэсэн боловч Монголчууд бидний ходоодыг баярлуулчих юм хаанаас байх вэ дээ. Арга буюу байцаатай бууз авч идсэн болоод гарлаа. Гадаа халуун гэдэг жигтэйхэн. Цэвэр усыг тэмээ шиг л гударч байлаа.
Үнэхээр өөрийн машин гэдэг өөр харагддаг юм байна билээ. Нэг ногоон HOWO чирэгч машин аргагүй нүдэнд тусаад болдоггүй. Шууд очоод үнийг нь асуувал миний тооцоолсоноос арай өндөр дуугарч байна. Би 100000 юаньаар машин авна гэж тооцоолж байсан чинь 110000 гэсэн үнэ сонслоо. Үйлдвэрээс гараад 3 жил болсон гэхэд шинэ машин шиг цэмцгэр эдэлсэн машин байлаа. Худалдагч бүдүүн хятад залуу олон жил машин худалдсан туршлагатай хүн байсан юм. Тэр миний нүдийг хараад шууд эцсийн үнээ хэлсэн нь тэр байж л дээ.
Би машиныг нилээд удаан үзлээ. Бараг эрэг болт бүгдийг нь тайлж үзэх шахам болж байж “Машиныг нь авья” гэж хэллээ.
Дугуйнууд нь их сайхан арзайсан хээтэй дугуй байсан боловч олон сар нар, салхинд удаан зогссон тул солих нь зүйтэй гэж бодогдлоо. Тэр ч бас зөв шийдвэр байсан юм. Хэд хэдэн дугуй гаднаас нь харахад шинэ юм шиг мөртлөө капитал завсар хийсэн дугуй байлаа. Миний авсан машины спидометрийн цахилгааны холболт, хөргөлтийн эйркондишн, хөгжмийн диффузерийг шинээр солоих шаардлагтай болох нь ойлгомжтой байлаа.
Дараа нь чиргүүл сонгох ажил үлдсэн тул чиргүүлийн захаар нь тойров. 14м урттай капитал засварт орсон чиргүүлийг төвөггүй олов. Лао Ма (Хөгшин Ма) хэмээх нилээн зальжин маягийн халзан толгойтой Хятад эрээс чиргүүлээ авахаар тохиров. Чиргүүлийг 42000 юанаар тохирч авахаар болов. Гадаад үзэмж сайтай боловч дугуйнууд нь нилээн халцарсан байв.
Машиныхаа бүх дугуйны болон тэнхлэгийн шингэнийг солиуллаа. Мөн жолооч талын хаалганы дотор талыг нэмж солив. Чиргүүлийн хувьд бүх дохионы гэрлийг нь шинээр тавиулав. Энэ бүх зардлыг худалдагч талууд хариуцсан юм.

Машины төлбөрийг машин худалдаж авсан захын захиргаанд төлөх бөгөөд тэр нь нилээн албан ёсны хэлбэртэй. Машин худалдаж байгаа хүнд нь төлбөрөө өгдөггүй юм байна. Энэ захын захиргаа Машин Худалдаж авсан төлбөрийн баримт, гэрээний маягт зэргийг нь албан ёсоор хийх тул замын цагдаад үзүүлэхэд айх зүйлгүй. Ямар ч байсан худалдан авсан бүх бичиг баримтыг миний паспортын дугаар, хурууны хээтэй, худалдан авсан газартай нь тодорхой бичсэн байлаа.
Авья гэсэн машинаа авсан болохоор дараа нь Эрээн хот хүртэл хэрхэн хүргэх вэ? гэдэг асуудал миний өмнө тулгарсан юм. Ингээд интернет дээрээс нутгийн нэгэн Хятад жолоочийн зарыг олж аваад утсаар нь ярьсан чинь маргааш өглөө уулзъя гэсэн хариу өгөв. Өглөө нь нөгөө жолоочтойгоо уулзаад Ажлын хөлсийг 3000 юанаар тохирон, дээр нь Эрээнээс буцах зардал, аян замын хоолны зардлыг нь даахаар болж, машинаа аваад хөдөллөө.
Энд нэг анхаарах зүйл гэвэл Жилийн замын хураамжаа төлсөн, бичиг баримттай машин авахгүй бол замд цагдаа нар зогсоогоод 2000-4000 юанаар торгодог гэж жолооч маань сануулсан юм. Гэтэл миний авсан машинд ямар ч бичиг баримт гэж байхгүй байв.
Иймд бор зүрхээрээ Эрээн рүү гарлаа. Зөвхөн шөнийн цагт цагдаа нар байхгүй үед газар хороогоод өдрийн цагт нь хурдны замын хажуу дахь аль нэгэн станци дээр зогсон, өдрийг өнгөрөөх маягаар бид замд гарсан юм. Цагдаа нар шалгалт хийдэг хэд хэдэн постыг жолооч маань маш сайн мэддэг байсан тул тэр газраар нь дандаа шөнийн 3-5 цагийн хооронд гарч байлаа.
Замдаа Ботоу хотоос нилээд их ачаа ачсан маань сэтгэл их зовоож байлаа. Нэгэнт өөрийн ачаа болохоор ачихаас өөр аргагүй байсан юм л даа. Их л зориг гаргаж байна даа гэж жолооч маань надад дахин дахин сануулж байсан боловч надад өөр арга байгаагүй юм.
Бээжингээс бас нэмж ачаа ачна. Гэхдээ тэр ачаагаа хурдны зам дээр авчруулж байгаад Бээжингээс холгүй хурдны замын машиндаа шилжүүлэн ачилт хийлээ. Хүнд хайрцагтай ачааг хүйтэн бороо асгарч байхад, шилжүүлэн ачихдаа өөрөөсөө тийм их хүч гарна гэдгийг зүүдэлсэнгүй. Нэг мэдэхэд ачаад дуусгасан байлаа. Хичнээн амаргүй байсныг одоо бодоход аймаар.
Цагаан хэрэм давахад цагдаа нар шалгадаг гэж жолооч маань санууллаа. Бичиг баримтгүй машин дээр хүнд ачаа ачаад замд гарна гэдэг үнэхээр бүдүүн зүрх байсан нь мэдээж. Ачааны нийт жин 36 тонн болсон бөгөөд хурдны зам дээр зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрэхэд 2 тонн дутуу байлаа.
Аз болоход үүрийн 6 цаг орчимд Цагаан хэрмийн орчим машины бөглөрөл үүссэн учраас цагдаа нар машин шалгахгүйгээр, зохицуулах ажилдаа анхаарлаа төвлөрүүлж байсан бололтой манай машиныг шалгалгүйгээр нэвтрүүлэв.
Одоо цаана нь 2 цагдаагийн пост үлдсэн. Нэг нь Өвөр Монголын хил дээр байрлах авто замын пост, нөгөө нь Эрээн-Сайхан талын хооронд байрлах хурдны замын пост.
Бээжингээс Эрээн хүртэл 700 км. Гэвч энэ замыг бид 3 хоног туулсан юм. Шөнийн цагаар цагдаагийн пост өнгөрөөх ёстой байсан тул замдаа шөнө болохыг хүлээж өдөржин зогсож хүлээж байлаа.
Бурханы авралаар бид Эрээнд ямар ч сааталгүй ирсэн бөгөөд Эрээнээс машинаа Монгол руу оруулах эцсийн даваа л үлдлээ. Анх “Хар”-аар оруулна гэж бодож байсан төлөвлөгөө өөрчлөгдлөө. Учир нь Хятад улс 2011 оны 7 сараас эхлэн зөвхөн Монгол улс руу хуучин машин оруулахыг зөвшөөрсөн тогтоол гаргасан байсан юм. Ингээд ямар ч айх аюулгүйгээр машинаа Хятад улсын гаалиар мэдүүлж, Замын үүдийн хилийн боомтод орж ирэв.
Энд харин харамсалтай зүйл тулгарлаа. Гаалийн байцаагч машины аралын дугаарыг үзээд 2007 оны машин байна. Харин чиргүүл чинь 2011 оных тул шинэ машины тарифаар гаалийн татвар ноогдуулна гэдэг байна шүү. Чиргүүлийн хувьд хуучин гэдэг нь хараад л ойлгомжтой байсан ч гэсэн Хятад машины ченжүүд арлын дугаарыг шинэ машины дугаар мэт хуурамчаар өөрчилсөн байсныг мэдсэнгүй. Ингээд л бөөн проблем үүсэх нь тэр. Аз болоход Мэрэгжлийн Хянлтын байцаагч нар чиргүүлийн загвар хийц, арлын дугаарыг хуурамчаар үйлдсэн гэдгийг нь тогтоон өгч гаалийн өндөр татвараас мултарсан билээ.
Эцэст нь анхааруулж хэлэхэд:
1. Хуучин машин авахдаа бичиг баримтай машин авбал зүгээр. Тухайн оны замын хураамжыг төлсөн, улсын үзлэгт орсон байвал Лианшаниас Эрээн хүртэл явахад саадгүй.
2. Арлын дугаар болон хөдөлгүрийн дугаар нь бичиг баримтан дээр байгаа дугаартай таарч байх ёстой бөгөөд хуурамчаар үйлдвсэн эсэхийг нь сайн шалгаж авах хэрэгтэй. Хятадууд компьютерээр хуурамч бичиг баримт хийж өгдөг гэм бий. Оригналь бичиг баримтын тамгыг нь харахад өнгөтөөр хэвлэсэн бичиг баримтаас ялгаатай харагдана.
3. Бичиг баримт бүрэн машин дээр ачаа ачихыг зөвшөөрнө.
4. Арлын дугаарыг хуурамчаар үйлдсэн эсэхийг шалга.
5. Удаан зогссон дугуй замд амархан жагсаалаас гарна. Иймд хэд хэдэн шинэ запас дугуй авах нь зүйтэй.
6. Дохионы гэрэл бүрэн бүтэн байхгүй бол Хятадын цагдаа нар хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөхгүй.
7. Хятадын гааль 8000-12000 юаны татвартайгаар том машиныг хилээр гаргахыг зөвшөөрдөг.
8. Хуучин машин дээр ачаа ачиж хилээр гаргахыг зөвшөөрөхгүй.
Ямар ч байсан уншигч та миний аялалын түүхийг уншаад алдсан алдааг минь давтахгүй бол хуучин машин Лианшанаас авч болох л юм байна. Нэмж хэлэхэд Лианьшан хот үнэхээр Хуучин машины цуглаан болсон газар тул сонголт сайтай гэдгийг нэмж хэлье.